Н.Оюунбат: Үнэт эдлэлийн дэлгүүр гээд байгаа нь ердөө жижигхээн хоёр лангуу шүү дээ…

“MN25” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Н.Оюунбат оролцлоо. Тэрээр “Промон трейд” ХХК-ийн захирал бөгөөд энэ нь “Рикко”, “Вико”, “Кредос” гэсэн гурван охин компанитай.
Тэдний нэг яс боловсруулах үйлдвэр барихаар зээл авсан “Кредос” компани 2017 онд 18 тэрбумын зээл авсан бөгөөд графикийн дагуу зээлээ төлөөд явж байтал Ковидын нөхцөл байдлын улмаас зээл төлөлт хойшилсон ажээ. Өдгөө зээлийн нийт үлдэгдэл 25 тэрбум.
Н.Оюунбат Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 15 орчим тэрбум төгрөгийг үнэт эдлэлийн бизнес болон охин нь үнэтэй машин худалдан авахад зарцуулсан гэх мэдээлэлд тэрээр маш тодорхой хариулт өгөв.
2007 оноос хойш Benetton брэндийг оруулж ирсэн. 5-6 салбартай ажилладаг. Дараагийн брэндүүдээ ч оруулж ирсэн. Энэ хугацаанд би тодорхой хэмжээний ашиг орлого мэдээж олсон байж таараа.
Бизнесийн төсөл дотор маань Туркийн ARIS гоёл чимэглэлийн жижигхэн төсөл яригдаж байсан юм. Энэ зээлийг авахаас өмнө буюу 2015 онд туркууд ирээд Шангрилад байрлавал франчайзинг өгье гэсэн. Гэтэл сул лангуу байхгүй хэмээн хойшлогдсон байсан.
Ковидын үеэр Шанхайгаар дамжиж тавилга нь орж ирээд жижигхээн муу бьютиктэй дээ хөөрхий минь. Зайсан Скүарт гоёл чимэглэлийн дэлгүүрээ нээсэн. За даа, дэлгүүр ч гэж дээ, хоёр жижигхэн лангуу л байгаа.
Хог хаягдлаа яаж далд оруулах гээд байгаа, дэлхийн дулаарлын эсрэг бид юу хийх ёстой юм, байгаль дэлхийгээ яаж хайрлах гээд байгаа юм гээд асар алс хэтийн зорилготой ажил хийж явахад минь жижигхээн ээмэг бөгжний хоёр лангууны тухай яриад байгаа нь үнэхээр хэлэх үг алга хэмээн ярилаа.
ХАЯГДАЛ ЯС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИАД ХАВЧИГДАЖ ЯВАА БҮСГҮЙ…
Хувцас, загварын ертөнц, уран зураг, урлаг соёлд ойрхон явсан бүсгүй өөрийн ажил үйлсээс огт ангид бордоо, тэжээлийн үйлдвэр лүү яагаад давхиад орчихсон юм бол гэж Н.Оюунбатыг хүмүүс гайхах хүмүүс мэдээж бий. Түүнийг United colours of Benetton-ий Монголд оруулж ирснээр нь илүүтэй мэддэг.
“Протейн” үйлдвэр өдөрт 100 тонн малын яс, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, гахай, тахиа зэрэг амьтдын тэжээлийн уураг, бүх төрлийн ургамлын бордоо, тос болон тослох материалын үндсэн түүхий эд болох малын гаралтай тос үйлдвэрлэдэг.
Энэхүү үйлдвэрийг одоогоор Италиас Азийн орнуудаас Израиль, Н.Оюунбат хоёр л худалдан авсан гэнэ. Тус үйлдвэр бүрэн автомат системтэйгээс гадна үйлдвэрлэлийн дараа нь ч гэсэн байгаль экологид сөрөг биш эерэг нөлөөтэй гэдгээрээ жинхэнэ эко ажээ.
Н.Оюунбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү ярьжээ:
-Бизнесийн энэ салбарт ороход эмзэглэл намайг хөтөлсөн гэж хэлж болно. Нэгэн түүх дэлгэе. Би нөхөртэйгөө Эмээлт зах орлоо. Тэндээс шөлний хонь авах гэж очсон юм. Энд тэндгүй мал нядлаад, хонь малаа зуу зуугаар нь ачаад ирж.
Одоо тэгээд монгол хүн монгол малынхаа махыг идэхгүй, өөр яах ч билээ дээ гэсэн шүү юм бодож зогслоо. Гэхдээ л тэр олон мал дэндүү өрөвдмөөр санагдсан. Ялангуяа монгол хүний амьд эрдэнэ, шүтээн болсон адуугаа арай л ихээр нь нядалж байгааг хараад нүдэнд нулимс цийлэгнэж байлаа.
Энэ олон малын ясыг яадаг юм бол гэсэн сониуч зан гэнэт хөдөллөө. Тэгээд асуутал аймшигтай хариулт сонсож, бүр нүдээр үзлээ. Зөвхөн махыг нь аваад ясыг нь тонн, тонноор нь бас дайвар бүтээгдэхүүнийг нь хүртэл хог дээр хаядаг, газар булдаг гэдэг байгаа. Булж байхыг нь хүртэл харлаа.
Малын элэг уушги, бусад зүйлс хөрсөнд шингэхгүй, эргэж дэлбэрээд тэр хавийн үнэр танар ч аймаар болж хөрс, усаа бохирдуулж байгааг мэдэв. Энэ одоо юу гэсэн үг вэ гээд л оволзоод явчихлаа. Байгалиа ингэж баллаж болно гэж үү дээ хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан юм даа…
Европын улсууд бол олон жил тэжээсэн хайртай муураа хашаандаа булахад л шоронд орох хуультай. Яагаад гэвэл хөрс бохирдоно, усанд нөлөөлнө, ундарга ширгэнэ гэдгийг тооцдог. Гэтэл манайд?! Ингээд яс боловсруулах ямар боломж байна вэ гэдгийг судлаад эхэлсэн.
Мал аж ахуйгаас гаралтай био-хаягдлыг ахин боловсруулдгаараа дэлхийд тэргүүлж буй АНУ, Итали, Германы туршлагуудаас судаллаа. Мөн ойрхноор нь Хятадын үйлдвэрүүдийг ч судалсан.
Ингээд Италийн “Импианти Каррера” компанитай холбогдож тэдний тоног төрөөрөмжийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа ОХУ болон Израиль Улсад байрлах үйлдвэрүүдийг ч очиж үзсэн юм. Их ч судалж харьцуулж байж үйлдвэрээ барьсан даа…
Манайд хаяад, булшлаад, орчноо бохирдуулж байгаа хогийг бусад улс жинхэнэ баялаг болгож байна шүү дээ. Тэгээд л би өөрийн бүхий л хөрөнгө, байр саваа барьцаанд тавьж байгаад л зээл авч “Протейн” үйлдвэрээ байгуулахаар шийдсэн. Газраа худалдаж авахаас эхлээд бүтээгдэхүүн гаргах хүртэл ямар олон уул давааг давсан гэж санана аа.
Манай үйлдвэрийн онцлог нь ямар ч хаягдалгүй, эко үйлдвэр гэдэгт байгаа юм. Энэ чинь л нөгөө дэвшилтэт технологид суурилсан иновацийн шилдэг шийдэл гэдэг нь шүү дээ. Бүтээгдэхүүнд маань хүмүүс ам сайтай байгаа. Бордоогоор маань мод ургамлаа бордож байна.
Малын буян мод болоод эх орон маань ойгоор бүрхэгдвэл хэчнээн сайхан. Тэжээл уургийг маань тахианы том фермүүд аваад хэвшиж байна. Манай уургийг өндөг идэж байгаа хүн бүхэн хүртэж байна гэсэн үг. Монгол малын шим дэндүү сайхан юм. Малын яснаас тос их хэмжээгээр гарч байна. Үүнийг саван болговол хэчнээн үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болохов?
Монголчууд өнөөдөр сая сая долларын саванг гадаадаас авч байгаа гээд л бод доо. Бид бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах гээд хөөцөлдөж л байна. Ямартай ч Монгол Улс хөрсөө, усаа, байгаль орчноо бохирдуулахгүй, тахиа гахайгаа тэжээх, мод ургамлаа тэтгэх уурагтай болоод авлаа.
Мэдээж л техник юм болохоор үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд асуудал үүснэ. Эвдрэл ч гарна. Учир нь манай Монгол малын яс тийм чанартай, хатуу юм байна. Тэндээс мэргэжилтэн, инженерүүд урьж авч ирнэ. Тэдний цалин хөлс цаг минутаар тооцогдоно.
Зээлээ валютаар авсан учир валютын зөрөөнөөс хэдэн тэрбум төгрөг алдах ч энүүхэнд. Тэр бүгдийг бичвэл олон ангит кино кино. Гэхдээ л үйлдвэр маань ажиллахыг харах сэтгэлд үнэхээр сайхан байдаг.
Хөрс, ус болон хүн, малыг шууд утгаар нь бохирдуулж байгаа био хаягдлыг өдөрт 100 тонноор багасгаж, улс орныхоо хувьд стратегийн ач холбогдолтой чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдэг хамгийн чухал гэжээ.