Хөгжлийн банкны албан тушаалтнууд зээл олгосон компанидаа хувь эзэмшдэг байжээ

Хөгжлийн банкны ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг өнгөрсөн баасан гарагт өглөө.
Энэ үеэр тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Томоохон зээлдэгчдээс эргэн төлөлтийн хугацаагаа сунгах, ханшийг төгрөг рүү хөрвүүлэн төлье” гэсэн хүсэлт ирүүлсэн. Чанаргүй зээлийг бид барьцаа хөрөнгөтэй болон хөрөнгөгүй гэж хоёр ангилж авч үзэн шийдвэрээ гаргаж байна.
Барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, барьцаа гэх зүйлгүй, зориулалтын бусаар ашигласан бол хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлэх зарчим баримталж байгаа.
Уурхай, үйлдвэр зэрэг барьцаа хөрөнгөтэй байгууллагуудыг бизнесийн зарчмаар дэмжиж, цаашид ажиллуулахын тулд менежментийн өөрчлөлт хийх хэрэгтэй” хэмээн ярилаа.
Түүнчлэн дээрх банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар “Улстөрчдийн нөлөөгөөр Хөгжлийн банкинд томилогдсон хүмүүсийн зарим нь өнөөг хүртэл ажлаа хийж байна.
Чанаргүй зээл олгоход оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцох мэдэгдэх хуудсыг АТГ-аас ирүүлсэн.
Үүний дагуу ажлаас нь чөлөөлж байна. Зээл олголтод оролцсон Хөгжлийн банкны зарим албан тушаалтан тухайн компанийн хувь эзэмшдэг зөрчил ч илэрсэн. Хөгжлийн банкийг хараат бусаар ажиллах үүрэг өгсний дагуу бодлого, төлөвлөгөө гарган ажиллаж байна” гэв.
Зээл төлүүлэх ажиллагаатай холбоотойгоор шүүхэд гаргаж өгөх баримтын бүрдэлт дутуу байгаа аж. Иймээс нотлох баримт устгагдсан эсэх талаар шалгалт явуулахад 47 зээлийн материалын бүрдэлт дутуу, ажилтнууд баримт бичиг хүлээлцэхдээ устгасан зөрчил илэрчээ.
Дээрх банкнаас өнгөрсөн сарын 20-нд зээлээ төлж барагдуулаагүй, чанаргүй болж, шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчдийг олон нийтэд зарласнаас хойш 49.7 тэрбум төгрөгийг эргэн төлөөд буй юм байна.
Өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд дараах ажлуудыг хийжээ. Тодруулбал, тус банкны гүйцэтгэх захирлын тушаалаар Хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулж, нийт 66 зээлдэгчийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилтийн зарцуулалт, барьцаа хөрөнгийн чанар, байдлыг газар дээр нь хянан шалгаж буй аж.
Одоогоор уг ажлын гүйцэтгэл 75 хувьтай гэнэ. Мөн УИХ-ын захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсэг өнгөрөгч 10 хоногийн хугацаанд Хөгжлийн банкинд байрлан ажилласан бөгөөд 21 000 орчим хэвлэмэл хуудас, 26 000 хуудастай дүйцэхүйц файл материал бүхий баримт бичгийг хүлээлцжээ.
Дээрх хугацаанд Хөгжлийн банкнаас АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт зээлдэгч бүрийн хувийн хэрэгт багтаж буй баримт бичгүүд болох зээлийн хорооны шийдвэр, ТУЗ-ийн тогтоол, холбогдох дүгнэлт, танилцуулгууд багтсан 20 000 орчим хуудас баримт бичгийг хүлээлгэн өгчээ.
АТГ-ын мөрдөн шалгах ажлын хүрээнд чанаргүй зээлдэгчид болон холбоотой этгээдийнх нь 170 орчим дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоож, битүүмжлэн шалгаж байгаа аж.
Шаардлага гарвал дээрх ажилд саад болж, нөлөөлж буй хүмүүсийн нэрсийг зарлана гэлээ.
ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ:
Путин цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулах тушаал өглөө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгчээ. Тэрээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Ерөнхий штабын дарга Валерий Герасимов нартай уулзах үеэрээ барууны улс орнуудын “түрэмгий” мэдэгдлүүдийн хариуд ийм шийдвэр гаргаж буйгаа хэлжээ.
Гэхдээ Путины энэ мэдэгдэл нь ОХУ цөмийн зэвсгээ ашиглана гэсэн үг биш аж. АНУ тэр даруй түүний шийдвэрийг буруушааж, хүлээн зөвшөөрч боломгүй хурцадмал байдал үүсгэлээ гэв.
Өнгөрсөн долоо хоногт Путин Украинд “Бидэнд саад хийхийг оролдсон хэн ч түүхэндээ харж байгаагүй үр дагаварт хүрэх болно” гэж мэдэгдсэн. Эдгээр үгсийг “түүний замд саад болбол цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн дохио байна” гэж барууныхан тайлбарлажээ.
Путины мэдэгдлийн дараа Европын улс орнууд нэмэлт арга хэмжээ авч буйгаа зарласан байна.
Тухайлбал, Украиныг санхүүжүүлэх
Оросын онгоцнуудыг Европын орнуудыг агаарын бүсэд нэвтрэхийг хориглох
Спутник, Russia Today зэрэг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Европын нутаг дэвсгэрт хоригложээ.