Хятадад хүний эд эрхтэн худалдсан хэргээр 16 хүнд ял оноожээ

БЭЭЖИН. /Xinhua/. Хууль бусаар бөөр шилжүүлэн суулгасан гэх хэргээр Хятадын 16 иргэнд  тав хүртэлх жилийн хорих ял оноожээ.
Яллагдсан хүмүүс нь голдуу эмч нар бөгөөд тэд бөөр худалдах болон худалдан авах хүмүүсийг интернэтээр уулзуулдаг байсан байна.
 
Тэдний дунд хоёр эмч, нэг сувилагч болон нэг мэдээ алдуулагч эмч байгаа аж. Шүүхийн мэдэгдсэнээр, тэд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг нууцаар хийдэг байжээ.
Донор дутагдалтай байгаагийн улмаас Хятадад хүний эд эрхтэн наймаалдаг хар зах “цэцэглэж” байгаа юм.
 
Тус улсын Шаньдун мужийн Зинань хотын Лися дүүргийн шүүхээс гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хагалгаа хийлгэхийн тулд өвчтнүүд наад зах нь 57 мянган доллар буюу 400 мянган юань төлдөг байжээ.
 
Хятад улсад донор эрхтний эрэлт хэрэгцээг хангахын тулд цаазаар авахуулах гэж буй хоригдлуудын эрхтнийг авдаг байсан аж. Гэвч олон улсын зүгээс шүүмжлэх болсонтой холбоотойгоор хоригдлуудын эрхтнийг авахыг 2015 оноос зогсоожээ.
 
Хятад улс нь донорын түвшин хамгийн доогуур орнуудын тоонд орж байна. Испанид нэг сая хүнд 37 донор ногддог бол Хятадад нэг сая хүнд 0.6 донор ногдож байна.
Хятадууд “бие бол ариун зүйл. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэн нас барагсдыг бүрэн бүтнээр нь оршуулах хэрэгтэй” гэж үздэг аж.
Хүний эд эрхтэн наймаалахыг Хятад улсад 2007 онд хоригложээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)