МАН монополдох уу, АН хянах уу

Орон нутгийн буюу сум, дүүргийн сонгууль ирэх сарын 19-нд болох учиртай. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа  ирэх сарын 1-нээс эхлэх юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ямар нам ялалт байгуулахыг одооноос янз бүрээр л таамаглаж байна. МАН-ын хувьд УИХ, нийслэлийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэвч Засгийн газрын томилгооноосоо эхлээд л зорьсон зорилго, хэлсэн үг, амласан амлалтаасаа огт өөр зүг рүү явчихсан учраас ард түмний итгэл алдраад байгаа. Хатуухан хэлэхэд, МАН ялбал улс орон өөдөлнө гэж бодож байсан хүн бүр амаа барьж суугаа. Албан тушаал, ажил төрөлтэй болсноос нь бусад нь. Тиймээс орон нутгийн сонгуулиар арай өөр үр дүн гарч магадгүй л байна. Харин орон нутгийн сонгуульд ямар нам, эвсэл ялахаас шалтгаалж улс оронд олон зүйл өрнөнө. АН уу, МАН уу. Угаасаа өөр сонголт ч байхгүй.

МАН ачаагаа нэг мөсөн үүрэх үү

УИХ, нийслэлийг эзэгнэчихээд байгаа МАН орон нутагт ялалт байгуулж чадах уу гэдэг асуулт яах аргагүй урган гарч ирээд байна. Ялах боломж байгаа. Тэгээд ч ялахын тулд хүч, хөрөнгө хаях л байх. Гэхдээ МАН-д хэд хэдэн “зовлон” байна. Нэгдүгээрт, рейтингээ шавартай хутгачихаад байгаа. Засгийн газар нь өнгөрсөн хугацаанд юу ч хийж чадсангүй. Одоо тайлангаа гаргаад өг гэвэл тэдэнд хэлэх үг бараг байхгүй. Ерөөс тэдний нэр хүндийг хамгийн их унагаж байгаа зүйл нь томилгоо. Засгийн газраа байгуулахдаа мөнгө, танил тал харсан л томилгоо хийсэн. Тэгвэл одоо төрийн биш төрлийн алба болгох ажлыг МАН-ынхан сонгодог утгаар нь хийж байна. Угаасаа энэ мэт ажлын “загалмайлсан эцэг” нь МАН. Тэр ч бүү хэл МАН-ынхан 2013 оноос хойш ажилд төрсөн төрийн албаныхныг бүгдийг нь хал гэсэн даалгавар өгсөн ч сураг байсан.

Энэ бүхэн нь тэднийг орон нутгийн сонгуульд ялагдах нэг нөхцөл болчихоод байгаа юм. Гэхдээ л “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэдэг шиг тийм ч амар ялагдахгүй л дээ. МАН-ыг ямар ч тохиолдолд, өөрсдийг нь алж байсан ч дэмждэг нэг хэсэг байна. За тэгээд бусад намын болоод бие даагчдыг сонгуульд оролцуулахгүй, хасах гээд янз бүрийн л ажил хийж байгаа, тэд. Хэрвээ МАН орон нутагт ялалт байгуулж чадвал жинхэнэ утгаараа монопол болно. Улс орны хэмжээнд халаа сэлгээ ч туйлдаа хүрэх байх. Дээрээс нь энэ дөрвөн жил тийм ч амар биш. Эдийн засаг элгээрээ “мөлхөх” дээрээ тулчихаад байна. Энэ том ачааг нэг мөр үүрээд, бүх шатанд бодлого тодорхойлж ажиллах шаардлага тэдэнд ногдоно. Хамгийн гол нь тэд ялбал зөв бодлого тодорхойлоод, улс орныг шигдсэн “шавар”-аас нь гаргаж чадах уу, үгүй юу л гэдэг байна.

Хэрвээ чадахгүй, одоогийнх шигээ самарч самарч, 2020 оны сонгуулийн өмнө хаанаас ч юм мөнгө авчирч ирээд, ард түмэнд тараана гэж тооцож байгаа бол ард түмэн нусыг нь хацарт нь наалгаад, гудамжиндаа лаазаа өшиглө гээд хөөж чадах л байх. Яг үнэндээ МАН ялбал нэг л давуу тал байгаа. Орон нутаг нь нийслэл, УИХ-ын бодлоготойгоо харшаад, намын үзэл бодлоор зөрөлдөөд, ажил явахгүй байх гэсэн ойлголт байхгүй л байх. Түүнээс өөр ч үр дүн байх нь юу л бол. Одоогийн МАН-ын нөхдүүд УИХ, нийслэлд ямархуу ажиллаж эхэлж байгаагаас харахад л ингэж дүгнэх болоод байна.

АН-ын өндийх боломж нь орон нутгийн сонгууль

Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд олонх болох нь болсон. Гэхдээ дөнгөтэй олонх. МАН, МАХН-ын “чөдөр”-т тодорхой хэмжээнд “хөл”-өө чөдөрлүүлж явсан. Гэвч тэд улс орны дампуу бүхнийг засах гэж нэлээд ажилласан. Ядаж л там болчихсон байсан хэдэн замыг заслаа. Гэвч ард түмэн сонгуулиар дүнгээ тавьсан. Иргэдэд зам засах, сургууль цэцэрлэг нэмэх, гэр хорооллыг орон сууцжуулах зэргээс авахуулаад бүтээн байгуулалт огт падгүй. Ахиухан мөнгө өгөх ёстой байсан л гэж хэлж байгаа юм шиг сонголт хийсэн дээ.

Гэтэл МАН УИХ-ын сонгуульд ялчихаад өнөөдрийг болтол ураг төрөл, ойр дотны нөхдүүд, мөнгө төлсөн баячуудаа л албан тушаалд томилж, ширээ сандлаа сольж, өрөөгөө тохижуулахаас өөр дорвитой юм хийгээгүй нь ард түмнийг амаа барихад хүргэсэн.  Тэр хэрээр АН-ын нэр хүнд өсч байгаа. Яагаад гэвэл тэд өнгөрсөн дөрвөн жилд зөв жишиг тогтоож чадаж. Ард түмнийг ой муутай л гэдэг. Гэхдээ зөв тогтоосон жишгийг мартдаггүй юм байна. Одоо харин АН дотроо л жаахан эвтэй байвал орон нутгийн сонгуульд ялах боломж байгаа. АН хэрвээ орон нутагт ялж чадвал төр нэг хяналттай болох юм. УИХ, Засгийн газар, нийслэлд МАН дураараа дургина шүү дээ.

Ямар гар өргөж, кноп дарах хүнээр дутах биш. Харин АН сум, дүүрэгтээ ялалт аваад, эрх баригчдаа тодорхой хүрээнд хянавал улс оронд хэрэгтэй л байх. Нөгөө талаар АН-ын дахин өндийх, 2020 оны сонгуульд ялах боломж нь орон нутгийн сонгууль. Орон нутгийн сонгуульдаа ялаад, АН-ынхан сум, дүүрэгт ч ажлаа сайн хийж, бүтээж, хөгжүүлж чадна шүү гэдгээ харуулах л хэрэгтэй байх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)