ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН НУТАГТ ГАРСАН ТҮЙМЭРТ 4000 ОРЧИМ ГА ТАЛБАЙ ШАТААД БАЙГАА УЧРААС СУМЫН ОНЦГОЙ КОМИССООС ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 110 гаруй иргэн, 3  автомашин, 8 мотоцикль,  12 техник хэрэгсэл, 19 морьтойгоор унтраахаар 3 дахь өдрөө ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбай шатаад байгаа учраас Эрдэнэбулган сумын Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргад үүлэнд зориудаар нөлөөлж өгч хур тунадас оруулж өгөх хүсэлтийг хүргүүлжээ. Эрдэнэбулган сумын нэг, хоёрдугаар ээлжийн иргэд бүрэн дайчлагдан түймрийн голомтонд ажиллаж байгаа боловч түймэр том нуруунд гарч 14-15 км газарт асч байгаа учраас унтрах боломжгүй болсон байна. Бид бүх боломжоороо иргэдээ дайчлан ажиллаж байна. Мөн нутгийн иргэд  ч өөрсдийн хүсэлтээр "Сайн үйлсийн аян" өрнүүлж  түймрийн голомтонд ажиллаж байгаа иргэдэд хоол хүнс, бээлий, хүрз гээд байгаа зүйлсээрээ туслаж байна" гэдгийг сумын Засаг дарга П.Ариунбат мэдээллээ.
 

Б.Гантуяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)