ТЕЛЕВИЗҮҮД “ҮЗЭГЧИЙН ЭРХ АШИГ” СЭДЭВТ ЧУУЛГАНААРАА ШИНЭ СОРИЛТ, ШИЙДЛҮҮДЭД ГАРЦ ЭРЭЛХИЙЛЭВ

Өнөөдөр “Туушин” зочид буудалд Монголын телевизүүдийн ээлжит форум, "MTF 2018 -“Үзэгчийн эрх ашиг” сэдвийн дор чууллаа.
Энэхүү чуулганыг “Монгол ТВ” телевизийн санаачлагаар тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тус салбарын гол тоглогчид, зохицуулагчид болон уран бүтээлчид оролцдог уламжлалтай.
Тус чуулганаар өнгөрсөн жилийн Монгол Улсын телевиз үзэлтийн талаарх судалгаа, зах зээлийн шинэ мэдээллүүд ба гол трендүүдийг танилцууллаа.  Хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, оюуны өмчийн харилцаа, өргөн нэвтрүүлгийн зохицуулалт болон олон улсын чиг хандлагын талаар салбар хэлэлцүүлгүүдээр хөндсөн юм. Мөн үзэгчдэд ээлтэй, чанартай, сонирхол татсан агуулгаар бүтээх медиа бизнесийн харилцаанд хэрхэн төлөвших талаар хэлэлцүүлгүүдээ өрнүүлэн санал солилцлоо.

Форумын үйл ажиллагааны хөтөлбөрөөс сонирхуулахад, Телевизийн салбарын хуулийн орчин болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид ба зах зээлийн тоон мэдээллийн талаар Монголын телевизүүдийн чуулганы гүйцэтгэх захирал М.Уламбадрах, ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж нар үг хэлсэн юм. 
Улмаар Өргөн нэвтрүүлэг ба нийтийн эрх ашиг, Монголын медиа зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, Дижитал эрин үед МҮОНРТ-ийн үүрэг, дэвшүүлж буй алсын хараа зэрэг танилцуулгыг сонордууллаа. Өргөн нэвтрүүлгийн салбарыг хэн хэрхэн зохицуулах ёстой вэ? хэлэлцүүлгийг өрнүүлэн хэлэлцлээ. Мөн орон нутагт төрийн мэдээлэл хэрхэн хүрч байгаа, иргэдийн мэдэх эрх, тулгарч буй асуудлууд, Үзэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн орчны хэрэгцээ шаардлага зэрэг хэд хэд асуудлыг хөндсөн танилцуулгыг чуулганд оролцогчдод сонсгов.
Үүний дараа Тархинаас түрийвчинд-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, сорилтууд, Үзэгчийн эрх ашиг гэсэн сэдвээр хэлэлцүүлгийг өрнүүлж санал бодлоо солилцлоо. 
Өмнөх жилүүдийн чуулганаар тус салбарын тогтвортой хөгжил, контентын үнэ цэнэ сэдвүүдийг хөндөж байсан бол энэ удаа харилцаа холбооны технологийн шинэчлэлтэй хамт хурдацтай өөрчлөгдөх болсон телевизийн зах зээл, хамгийн олон хэрэглэгчтэй салбарын хувьд хараат бус байдал, үйлдвэрлэгч болон түгээгчдийн хооронд үүсч буй шинэ сорилт, шийдлүүдэд гарц эрэлхийлсэн гэдгээрээ онцлогтой болжээ.
Телевизүүд ийнхүү харилцан туршлага солилцож хамтдаа бизнесийн шударга өрсөлдөөн өрнүүлж, монголчууддаа мэлмийг нь баясгах, оюун санааг тэтгэн, гэгээрүүлэх агуулга бүтээхийн зэрэгцээ иргэний мэдэх эрхийг хамгаалсан редакцийн бүтээлүүд туурвих нь эрхэм зорилтоо болгон баримтлахыг зохион байгуулагчдаас уриалж байлаа.

      

Д.Өлзий

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)