Р.Эмүжин: "Үнэн" хувцсаа тайчсаар л...

Яруу найрагч сэтгүүлч Р.Эмүжин нийгэмд өрнөөд байгаа үйл явдлын талаар өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрээр "Ёс зүй, жудаг, төлөвшил л гэж энэ байх даа. Багаар бодоход 70 жилээр, цаашлаад 100 оноор хэмжигдэх Оюутолгойн гэрээний сайн муу, сайхан муухайг одоо мань мэт нь, мангар бацаанууд, дээр нь эдийн засаг ойлгодоггүй орк гарууд ч шүүчихдэг юм биш. Ганц тэрбум долларын төсөвтэй байсан Монгол Улс 10 тэрбум доллараар төсвөө хэмжих болсон нь л үнэн юм даг.

Таван ч Засгийн газар, гурван парламент элээн байж шийдэгдсэн энэ гэрээнд алдаа ч бий, оноо ч байгаа. Үе үеийн Засгийн газрууд засч сайжруулаад, байн байн хэлэлцээрийн ширээний ард суугаад, хяналт шалгалтаа баталгаажуулаад явахад нөхцөл байдал дээрдэнэ, алдсанаа нөхөж, оносноо баталгаажуулна. Оюутолгой шиг дахиад хоёр гэрээ хийгдээд, хүрд эргээд эхэлчихвэл Монгол Улсын жилийн төсөв 30-50 тэрбум долларт эргэлдэж, юун байр савны зээл, банкны өр зээл болох байлаа. Энэ гэрээний нөхцлийг сайжруулах талаар ямар нэг дорвитой алхам санаачилга гаргах, хамтран шийдэлд хүрэх үүргээ эрх баригчид мартаад, эхлэлийг нь тавьсан хүмүүсийн эрх чөлөөг хасч байгаа нь өөрөө бантангаа булаацалдсан балиар зодоон. Юутай ч цаг хугацаа өнгөрөх тусам ҮНЭН олон давхар хувцсаа тайчсаар байгааг л харж байна.

Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ хэдэн пургоны хэргээр У.Хүрэлсүхийг барьж хориход " Хийсэн хэрэг байхгүй, айх юм алга. Шалгуулаад гараад ирнэ ээ" гээд ачигдаж байсан үе бий. Ц.Элбэгдоржийн үед Н.Энхбаяр шүүхээс айж гэртээ бүгсээр байгаад хэрхэн оймстойгоо ачигдсаныг бүгд мэднэ. Баянголын санхүүд шалгалт хийх гэсний төлөө энхрий хайрт Женко Ерөнхийлөгч маань "Намайг барьж хорих гээд байна" гэж цахимаар хийрхэж, сошиалаар цамнасаар байгаад 300 орчим хүн цуглуулан, иргэний цуст мөргөлдөөн гаргах дөхсөн түүхтэй. Харин өнөөдөр Сайханбилэг, Баярцогт, Баяр гурав зангиагаа засч, гутлаа тослоод төрөө хүндэтгэн ирж хоригдлоо. Төр түшсэн, түшиж яваа эрчүүдийн илэрхий энэ ялгаа дэндүү ихийг хүүрнэж байна. Цаашдаа ч хүүрнэх болно. Үнэн хэмээгчийг нүцэглэх болно. Нүцгэн үнэн харин ямар байдлаар ирэх бол? Тусгаар Монгол Улсын тусгаар тогтнолыг л хоёр хөршийн халаасанд бүү хорьчихоосой билээ" хэмээсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)