Бөхийн холбооны тамга, тэмдгийн маргаан эцэстээ нэг аваргынхаа аминд хүрэх дөхжээ

Хэзээнээсээ л сандал, ширээний асуудалтай “Монголын Үндэсний Бөхийн холбоо”-ны хэрүүл маргаан эцэстээ нэгнийхээ аминд хүрэх дөхжээ.

Тодруулбал, энэ ням гарагт Улсын начин Б.Одхүү тэргүүтэй 10 гаруй бөхчүүд УИХ-ын гишүүн А.Сүхбатыг МҮБӨ-нд өрөөндөө сууж байхад нь дайран орж, биед нь гэмтэл учруулсан байна. Одоо энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд, гишүүн А.Сүхбат гэмтлийн зэргээ тодорхойлуулахаар шүүх шинжилгээний газар ханджээ.

Харин Бямба гарагт Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх, Улсын аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөний гадаа цугларч, үүд хаалгыг нь эвдсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Хэргийг тодруулбал, "Монголын Үндэсний Бөхийн холбоо" ТББ-ын тэргүүн Р.Нямдоржид шүүгчийн шийдвэр гардуулахаар ШШГЕГ-ын ажилтнууд Монгол бөхийн өргөөнд ирсэн байна. Даралт ихэссэн, эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул маргааш эсвэл ирэх Даваа гарагт очин авахаа Р.Нямдорж илэрхийлэв. Харин хаалгыг нь эвдэн орж гардуулах үеэр Р.Нямдорж гуайн төрсөн хүү Монгол Улсын гарьд Н.Ганбаатар эсэргүүцэн тэмцэлдсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэхүү хэргээс үүдэж Бөхийн өргөөг Цагдаагийн хамгаалалтад авсан байна.

Монголын Үндэсний Бөхийн холбооныхон хууль дүрмээ ч дагахааргүй сандал, суудалдаа улайрсан нь эндээс харагдаж байгаа юм. Уг нь шүүхийн шийдвэрээр хэн жинхэнэ тэргүүн болсон юм, тэр нь л тамга, тэмдгээ аваад ажлаа үргэлжлүүлчихвэл болох хэрэг.

10-аад жил мөн л хэрүүл маргаанаас үүдэж огт хуралдаагүй Үндэсний Бөхийн Цэцдийн Зөвлөлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуралдуулсан. Улмаар 2014 оны зургаадугаар сарын 24-ний өдөр “Их-Эе”-ийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус “Их эе”-ийг 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг томилсон гэнэ.

Улмаар ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болжээ. Л.Чинбат нь анхныхаа тушаалыг гаргаж, МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томилоод байгаа аж.

Хэрвээ “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат МҮБХ-г тэргүүлэхээр болсон юм бол өмнөх дарга буюу Р.Нямдорж нь ажлаа зохих ёсоор хүлээлгэж өгөх нь зүйтэй. Монгол түмэн бөхөд хайртай. Бөхөө хүндэтгэдэг ард түмэн. Тийм байтал ард олныхоо итгэлийг эвдэж, тэрхүү хэрүүл маргаанд нь түмний хайртай аваргууд хүртэл оролцож байгаад олон нийт сэтгэл дундуур байна. Энэхүү сандал, ширээний төлөөх хэрүүл маргаан явж, явж нэг аваргынхаа аминд хүрэх дөхсөн нь бүр аймшигтай. Цаашид үүнээс хүнд байдал хүрч болзошгүй учраас хуультай орны иргэд хуулиа л дагаасай даа.

Б.Баргужин

www.breakingnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)