Ядуу энэтхэг эмэгтэйчүүдийн дунд тээгч эхийн "бизнес" цэцэглэж байна

Австрали, Их Британид тээгч эх болохыг хуулиар хатуу хориглодог бол Энэтхэгт бизнес болон цэцэглэж байна. Хүүхэдтэй болж чаддаггүй хосууд хамгийн түрүүнд Энэтхэг эмэгтэйчүүдийг хайх болжээ. Энэтхэгийн Гужарат мужийн Ананд хэмээх бяцхан хотын “Аланкша” хэмээх үргүйдлийн эмнэлэг улсдаа тээгч эхийг зуучладагаараа алдаршжээ. Уг эмнэлэг сүүлийн 10 жилийн дотор тээгч эхээр дамжуулан 700 гаруй хүүхдийг өлгийдөн авсан юм.

Тус эмнэлэгт хүүхдээ төрүүлэхээр 50 гаруй эмэгтэй цугларан амьдарч байна. Хүн амынх нь гуравны нэг нь туйлын ядуу амьдардаг Энэтхэг улсын эмэгтэйчүүд 7,500-27000 долларын хөлс авч, тээгч болох дуртай байдаг гэнэ. 2008 онд гадаад хосын хүүхдийг төрүүлж өгсөн 30 настай Нета Маквара хэмээх бүсгүй 2011 онд нөхрийнхөө эмчилгээний мөнгийг олохын тулд дахин ийм замыг сонгожээ. Өөрөө олон хүүхэдтэй ч гэсэн мөнгө олохын тулд арга буюу бусдын хүүхдийг хэвлийдээ тээж байгаа бүсгүйчүүд цөөнгүй. 

Мумбай хотын үргүйдлийн эмнэлгийн эмч, доктор Жатин Шах тээгч эх олоход тун хялбар болсон хэмээн ярив. Жатин Шахын хэлснээр эмэгтэйчүүдийн сав эрүүл байх шаардлагыг хамгийн түрүүнд тавьдаг гэнэ. Хүүхэд төрөөд хэдхэн минутын дараа төрсөн эцэг эхэд нь өгдөг байна. Өөрийнхөө хүүхдийг харах нь захиалга өгсөн хосуудын хувьд энэ бол хүсэн хүлээсэн мөч байдаг ажээ. 26 настай Опина хэмээх энэтхэг бүсгүй тээгч эх болж, хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Тэр Канадын Ванкуверын иргэн Кристийн гэр бүлийн хүүхдийг төрүүлж өгсөн юм. “Би энэ хоёр хүүхдийг төрүүлсэн ч надтай огтхон ч адилгүй. Би бор арьстай бол тэд шар. Хүүхдүүд жинхэнэ эцэг эхтэйгээ усны дусал мэт адил” хэмээн Опина бүсгүй ярьж байна. 

Эмэгтэйчүүдийн өөрийнх нь умайд боловсорч гүйцсэн өндгөн эсийг эр бэлгийн эстэй нийлүүлж, дараа нь өөр хүнд орлуулдаг юм. Тиймээс хүүхэд жинхэнэ эцэг, эхийнхээ генийг дууриадаг байна. 

Б.Мөнхтуяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)