ЭР ХҮНИЙ ТАНГАРАГ

Арван есөн жилийн тэртээ 1996 оны хавар өвгөнтийн архичнаас ер ялгарах юмгүй, хөлчүү гэмээр царайтай,хар бор ажилд нухлагдсан Ганжуурын Нэргүйхэмээх залуу Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт сууж байхдаа фото зургаа татуулжээ.

Ноорхой хүрэм, халцархай гуталтай харваас хөлчүү нэгэн өмнөөс ширтэнэ.  Г.Нэргүйд тэр үед хорвоо зүйл бүрээр л хатуурхсан байх. Олон ч хүн түүнд “Өнгөрсөөн” - гэх ганц үгээр онош тавьсан байх.  Харин тэр өөрийгөө ялж бусдын бодол буруу байсныг сэтгэл зүрх хөдөлмөрөөрөө харуулаж чадсан.  Ийм байдалдаа цэг хатгана, тэгэхдээ ийм явсан гэдгээ хэзээ ч мартахгүй хэмээн өөрийнхөө энэ зураг дээр андгай бичин тавьжээ.

Өнөөдөр Г.Нэргүй Говь-Алтайдаа " Айргийн хад"- хэмээх нэртэй том компанийн захирал. Алдсан он жилүүдээ нөхөхийн тулд блокны машин нэгийг зээлж аваад цаг наргүй зүтгэсэн гэдэг юм. 2003 оны яг энэ өдөр тэрээр компани байгуулжээ. Түүний байгуулсан “Айргийн хад” компани 10 жилийн дотор хөл дээрээ бүрэн тогтож, жилдээ улаан тоосго 5 саяыг, явган замын хавтан 90 мянгыг, блок 280 мянган ширхгийг үйлдвэрлэдэг болжээ. 

Дээр нь барилга угсралтын ажил хийнэ. Сайн байгаа биз. Ингэлээ гээд тэр хөөрч шандуурсангүй. Хурдан морь, бөх тэхэд мөнгө зарсангүй. Харин амьдралын боломж муу ч сурлага сайтай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг нь даадаг уламжлалтай болж.
Энэ жил гэхэд л 6 хүүхдийн төлбөрийг нь даасан байна. Болзол нь ганцхан. Сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ирж 5 жил ажилла, цааш хэрхэхийг өөрөө мэд. Өөрийн компанидаа ажилла гээгүй юм шүү. Төрсөн нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруул, өөр хариу нэхэхгүй гэсэн үг. Үүнийг би эх оронч сэтгэл, нутагтаа хайртай, бас ухаантай хүний л үйлдэл гэнэ.

Компанийнхаа 10 жилийн ойг ч тэрээр өвөрмөц тэмдэглэж буй. Морь уралдуулж, бөх барилдуулсангүй. Харин Улаанбаатараас эрдэм мэдлэгтэй, оюуны бядтай хүмүүсийг урьж, аймгийн төвийнхөнд цуврал лекц үнэгүй уншуулж, “Говь-Алтай аймгийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр эссэ бичлэгийн нээлттэй уралдаан зарлаж, гол гол салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг Говь-Алтайд урьж зөвлөгөө өгүүлэх зэрэг олон ажлыг жилийн турш зохион байгуулж, бүх зардлыг нь даажээ.

Саяхан тэрээр “За найз нь хэдэн сайхан залуусыг ажилд сургалаа. Эд компаниа өлхөн аваад явчихна. Гурван жилийн дараа компаниа эд нартаа өгчихнө дөө. Залуу хүмүүс өмчтэй, амьдралын баталгаатай болог...” гэж байсан. Мөн тэрээр олон залуусыг ажлын байраар хангаж, сайн ажилчингаа байраар шагнадаг гэнэ. Өнөөдөр ч түүний ажлын өрөөнд андгай тангарагийн үгтэй, фото зураг нь жаазтай байх ба ирсэн, уулзсан зочид зургийн хараад гайхан шагширч түүнийг хайрлан бахархаж хүндлэсээр буцдаг билээ.
" Эр хүн " - хэмээх эрхэм алдар хүндийг, хэн дуртай нь түмэн олноос хүртээд байдаггүй, эрхэм нандин зүйл аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)