ЭЭЖДЭЭ СУНАЖ МӨРГӨ...

Ижийдээ мөргөж бай
Их нүглийн чинь тал нь амьдад нь цагаатаж
Энгэр бэлээ дэрлээд тэнгэрт явах цагт нь
Эсгэл гашуун амьдралын үлдсэн хэсэг нь цагаатна

Ижийдээ мөргөж бай

Эрх цагаан хурга
Эхийнхээ дэлэнг сөгдөн хөхөж өсдөг шиг
Эр хүчит баатрууд
Ээжийнхээ өлмийд зулай мялааж морддог шиг
Эвийн багана мэт хоёр өсгийг нь атгаж
Ивээл хайранд нь сөхөрч
Хөлд нь магнай хүрэг

Цохлож ирсэн хараалыг
Цагаан сүү л хариулдаг
Цагийн цөвүүн хүний муу танигдахад
Цор ганц ижий чинь л чамд үлддэг

Хүний нүдэнд багтахгүй, сэтгэлд ургахгүй нүгэл үйлдээд
Хүйтэн хорвоо хаалга цонхоо хааж, чиний эсрэг болоход
Хичнээн муу хүн болсныг чинь мэдсээр байж өмөөрдөг
Халуун хайр, бүлээн сэтгэлдээ
Хаа яваа газраасаа сунан мөргөж бай

Бэрхшээл зовлонгийн эрхэнд
Бурхан гэж гүйхээсээ өмнө
Бодолдоо ижийгээ сүслээд
Байгаа газраасаа сөгдөн мөргөж бай

Хорвоод ээждээ мөргөж байгаа хүнийг
Хориглох шашин нэгээхэн ч үгүй
Халуун хэвлийгээс нь томорч гарлаа ч
Халуун хайраас нь илүү томрох хүн бас үгүй

Биед наалдахгүй мод, чулуу, төмөр
Бодь болохгүй асман ламын нөмөр
Буруу зөв нь ялгагдахгүй харь шашин сүлд
Болсон болоогүй эрээн зураг
Бараан баримлаас илүү
Буурал ижийнхээ хишгийг дээдэлж гэмээ нь
Бодол чинь цэгцтэй
Зам чинь гэрэлтэй байх буй за

Ажил үйл нь бүтэг хэмээн
Ам нь завгүй залбирдаг
Амьдрал ахуй нь өөдлөг хэмээн
Амь нь холдохгүй энэрдэг

Алга хавсран төрийн сүлдийг чинь хамт дууддаг
Азай ижийнхээ өмнө өвдөг бохирон мөргөхөөс илүү
Аврал ивээл хаана байх билээ
Амьд бурхан өөр хэнсэн билээ

Хурууных нь хээ нь
Зулайны чинь эргүүлэг юм шүү
Хөхнийх нь сүү нь
Хүн болсны чинь үндэс юм шүү

Энэ насандаа хүний мөртэй явъя гэвэл
Ээжийнхээ хөлд сунаж мөргөж бай...

Todko Samson " Үүлэн тайзтай Бийрэн жүжиг" номноос минь...

Sadhana Slo-гийн зураг.

www.facebook.com/TodkoSamsonShuleguud

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)