Шатахуун импортлогчид МАРТААР шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмж “бэлэг” барина

Монгол Улсад сүүлийн дөрвөн сард шатахууны үнэ тогтворгүй байгаа. Шатахуун импортлогчид 12 дугаар сард шатахууны хомсдол үүсгэж иргэдэд ихээхэн хүндрэл учруулсан. Тухайн үед нийслэл хотод хэдхэн шатахуун түгээх станц ажиллаж шатахуун авах гэсэн жолооч нар уртаас урт дараалал үүсгэж зарим нэг нь машинаа түрсээр клонк дээр ирж байлаа. Шатахуун импортлогчдын “даварсан” үйлдлийг салбар яам, Засгийн газраас түр аргацааж хууль зөрчсөн зарим аж ахуй нэгж, байгууллагын тусгай эрхийг цуцлахаар болж асуудлыг намжаасан.

Гэвч шатахуун импортлогчид сар шинийн баярын өмнөхөн шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр нэмж иргэдэд гэнэтийн бэлэг барьж байлаа. Шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан нь онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байв. Өнгөрсөн оны мөн үед 60-100 төгрөгөөр нэмэгдэж байсан нь мөн л шатахууны онцгой албан татварыг нэмэх сургаар жижиглэн худалдаалагчдын хөөрөгдсөн өсгөлт байв. Энэ удаад мөн дээрх явдал давтагдсан. Засгийн газрын 207 тоот тогтоолоор Дизель түлшний онцгой албан татварыг 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 180,000 төгрөг, 90-ээс дээш октантай автобензиний онцгой албан татвар 30,000 төгрөг байсныг 130,000 төгрөгөөр нэмж 160,000 төгрөг, 90 хүртэл октантай авто бензины онцгой албан татвар 50,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн.

-“ШАТАХУУНЫ ҮНЭ ГУРАВДУГААР САРД ӨСНӨ”-

 

Ер нь шатахуун импортлогчид монголчуудыг ямар нэгэн баярт толгойгоо мэдүүлж наргиж цэнгэж явахад нь сэмхэн үнээ нэмчихдэг олиггүй жишиг тогтчихлоо. Тун удахгүй болохгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр шатахууны үнэ дахиад л литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэх сурагтай байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг манай сайтад ярилцлага өгөх үеэрээ баталсан.

Тодруулбал, “Аж ахуйн нэгжүүдтэй холбоотой энэ асуудал үнэхээр түвэгтэй нөхцөл байдалд байна. Үнийн зөвлөлийг би өөрөө ахалж явах нь зүйтэй юм байна гэж бодож байгаа. Үнэ барих нь хэр зохистой вэ, барихгүй байхаар нийгэмд хэцүү байдаг, бариад байхаар аж ахуйн нэгж алдагдалд орлоо гээд шахаад байдаг. Ард иргэдийг татвараар нь дэмжиж чаддаггүй юм гэхэд шатахууны үнийн асуудал дээр нь төр зохистой хэмжээгээр зохицуулалт хийх ёстой гэж боддог. Өнөөдөр зохицуулалт хийх барьц нь бидэнд алга. Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна” гэсэн юм.

Бид хоёр талын байр суурийг хүргэх үүднээс шатахуун импортлогч компаниудтай холбогдож хэзээнээс үнээ нэмэх гэж байгааг асуутал бүгд л дуу нэгтэйгээр “Одоохондоо хэвлэлд ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгч байв. Монголд шатахууны үнэ 10 төгрөгөөр нэмэгдэхэд л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсч жирийн иргэд л хохирч үлддэг. Хамгийн эмзэг гэж хэлж болох нефтийн салбар хавханд орсон хулгана шиг сарвалзаж байхад төр засгаас доривтой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүргэлээ.

М.АМАРЖАРГАЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)