Оффшор дахь хөрөнгөө мэдүүлсэн 17 албан тушаалтны хоёр нь УИХ-ын гишүүн

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд сар бүр хийсэн ажлын тайлангаа хүргэдэг уламжлалтай. АТГ-ын өнөөдрийн мэдээллээр төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болсон талаар мэдээлэв.

Хуульд заасан хугацаанд зохих шатны байгууллагын 40073 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах байснаас 40067 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Харин Төрийн өндөр албан тушаал хашдаг 272 албан тушаалтан мэдүүлгээ гаргах ёстой байснаас 271 нь бүртгүүлжээ.

Нэг хүн буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй байна. АТГ-аас хуульд заасан хугацаанд мэдүүлгээ гаргахыг удаа дараа сануулсан боловч мэдүүлгээ гаргаагүй учраас хуулийн дагуу түүнд хариуцлага хүлээлгэнэ гэлээ. Түүнээс гадна Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байгаа. Тэгэхээр нэр дурдсан 6 албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэстэй аж. 

Түүнчлэн оффшор бүс дэх хөрөнгөө АТГ-т мэдүүлсэн 17 төрийн албан тушаалтан байгаа бөгөөд үүний хоёр нь УИХ-ын гишүүн бол, нэг нь Монгол банкны албан тушаалтан гэдгийг АТГ-аас мэдээллээ. Тэд өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлсэн. УИХ-ын нэг гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр нэг албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаа талаар мэдэгдсэн.

Оффшор бүсийг Засгийн газраас тогтоодог. 2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд 15 улсыг офшор бүсээр нэмж бүртгэсэн бөгөөд энэ өдрөөс хойш офшор бүс дэх дансаа мэдүүлэх тоолуур гүйж эхэлсэн. Тоолуурын цикл ирэх дөрөвдүгээр сарын 6-нд дуусах бөгөөд энэ хугацаанд мэдүүлгээ ирүүлэх ёстой.

АТГ-аас он гарсаар эхний хоёр сарын хугацаанд 21 эрүүгийн хэрэг шүүхэд шилжүүлсэн байна. Түүний дотор Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг болон Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахуул авсан зэрэг асуудлууд багтсан байна. Мэдээллийн дараа АТГ-ын холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

atg-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, ''Стандарт'' банктай холбоотой асуудлыг АТГ шалгаж байгаа гэсэн. Хэрэг ямар шатандаа явна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.

-Гаалийн байцаагчид нарт холбогдох хэрэг юу болж байна вэ?

-Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь салбарын эрхлэгч Д.Батбаатарын хэргийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Одоогоор хэрэг шалгагдаж байна.

-БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой хуурамчаар тамга үйлдсэн гэх иргэний гомдлыг АТГ шалгасан уу?

-БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гомдол ирсэн. Үүнийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг рүү шилжүүлсэн.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгаж байгаа гэсэн. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?

-УИХ-ын гишүүн Д.Гантулгаас нэг удаа байцаалт авсан. Мөн шинжилгээ авсан байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)