Талийгаач задлан хийхийн өмнө гэнэт сэргэжээ

Испанийн нэгэн шоронд хоригдож байсан ялтныг эмч нар нас барсан хэмээн оношилсон хэдий ч задлан хийхийн өмнө гэнэт сэргэсэн байна.

Хулгайн хэргээр шийтгэгдэж байсан Гонсало Монтойя Хименес өглөөний тоон дээр гарч ирээгүй учраас шоронгийн харгалзагчид өрөөнд нь ортол тэрээр сандал дээр хөдөлгөөнгүй суусан чигээр, зүрхний цохилт нь сонсогдохгүй болсон байжээ.

Дуудлагаар ирсэн эмч нар түүнийг нас барсан болохыг тогтоосон бөгөөд ар гэрийнхэнд нь яаралтай мэдэгдсэн байна. Хоригдлын цогцосыг шүүхийн шинжилгээний институтэд задлан хийлгэхээр шилжүүлсэн аж.

Гэнэт түүний цогцосыг хийсэн уутан дотроос дуу авиа гаран, уг хоригдол эр амьд байгаа нь мэдэгдсэн гэнэ. Ар гэрийнхнийх нь өгүүлснээр, уг ялтан эр унаж татах өвчинтэй нэгэн байсан бололтой.

Урьдчилсан үзлэгээс дүгнэхэд, эмийг их хэмжээгээр буруу хэрэглэсний уршгаар хоригдол эрийн амьсгал ер бусын удаан хугацаагаар хаагдсан байна. Ялтны ар гэрийнхэн буруу онош тавьсан эмч нарын эсрэг зарга үүсгэхээр бэлдэж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)