Тэргэл удганы өргөмөл хүү татанхай хар хэмээх хараалч эрийн түүх

Танайх сүнс, буг чөтгөр, хараал, ид шид гээд янз янзын зүйл бичих юм. Ах нь тэгээд мэддэг нэгэн зүйлээ ярьж өгөх гэсэн юм хэмээн жин үдийн халуунаар хөлс дуслуулан орж ирсэн буурай бол Сонгинохайрхан дүүргийн өндөр настан 82 настай Жигмэдийн Самдан гуай юм. Тэрбээр Нийслэл хүрээний унаган иргэн бөгөөд Татанхай хар хэмээх зартай хараалч эрийн тухай тун ч сонирхолтой түүхийг ярьж өгсөн юм. 1937 оны ид хэлмэгдүүлэлтийн үе оргилдоо хүрч байсан цаг. Тэр үед 13 настай байсан Самдан гуайн гэр Маахуур толгойн орчимд байжээ.

Аав нь жолооч байсан учраас нэр хүнд ч гэж өндөр байж. Тэр үед тэднийхээс холгүй нар, сар гэрэлтсэн навтгар хар дөрвөн ханатай гэрт Татанхай хар хэмээх хазгар өвгөн орь ганцаараа аж төрдөг байжээ. Эцэг, эх нь хүүдээ Татанхай харыг оролдож болохгүй. Яагаад гэвэл аймшигтай хараалч хүн хэмээн хэлдэг байж л дээ. Зарим багачуул гадуур явж байсан Татанхай харыг чулуугаар нүүлгэн тарчилгана. Тэр бүрд Татанхай хар тоох ч үгүй хазганан алхаж одно. Гэхдээ түүнийг яг таг хараал хийгээд хүн цааш нь харуулчихсаныг харсан үзсэн хүн ховор байжээ. Харин нэгэн явдлаас хойш тэр хавийнхан үнэхээр биширч бас айж хирдхийсэн гэдэг. 1937 оны хавар цаг байж л дээ. 

 

Цагаан сарын дараахан юм уу даа. Тэр хавьд гэр нь байсан Дотоодыг хамгаалахын төлөөлөгч Галсан гэгч наримгар шар эр шөнө дүл болсон хойно, эсвэл гэгээн цагаан өдрөөр шал согтуу гэртээ хүргүүлж ирнэ. Цох хорхой шиг хар машинаас жолоочоороо түшүүлэн буухдаа тэрбээр

- Муусайн эсэргүү фиадалиудаа! Бүгдийг чинь сум тоолон унагах юмсан хэмээн орилдог зуршилтай болчихоод байж. Тэр өдөр хөдөө явж олон эсэргүү ачиж ирсэн Галсан 12 цагийн орчимд гэртээ шал согтуу хүргэгдэж иржээ. Энэ үеэр нь Татанхай хар яг тааралдчихжээ. Түүнийг харсан согтуу Галсан ихэд танимхайран

- Өө пролетари нөхөр байна. Чамайг бол би алахгүй. Гэхдээ чамайг хараалч энэ тэр гэх юм. Хэрвээ ийм мунхруулга хийх юм бол би чамайг “кх, кх” хийлгэнэ шүү хэмээн нагаан буун дээрээ алгадан байж хэлжээ. Гэтэл хатуу чихтэй Татанхай хар гай болж сүүлчийн үгийг нь сонсчихжээ. 

 

Номхон дорой Татанхай харын царай эгшин зуурт хувирч царай нь улам бүр харлаж татвагнаснаа:

- Чи надаас урьтаж үхнэ. Маргааш чи зүрхэндээ хадаас шаалгаж үхнэ! гэж сөөнгө хоолойгоор муухай орилсноо шүлсээ шалхийтэл хаян нулимчихаад хазганан гүйж одлоо. Энэ үгийг хальт хульт сонссон Галсан ногоон малгайтан:

- Чёрт муу эсэргүүг нохойн гөлөг шиг нам буудчихъя хэмээн буугаа сугалах гэж дүвчигнэсэн авч эхнэр, жолооч хоёр нь элбэн байж гэрт нь оруулж унтуулжээ. Нөхрөө унтуулж амжсан эхнэр нь хашааныхаа гадаа суух авгай нар дээр очиж

- Сталин багшийн номонд хараал гэж байдаггүй хэмээн эцэг Чойбалсан хэлсэн. Энэ муу Татанхай хар эсэргүү үг хэллээ дээ. Одоо ч хаашдаа өнгөрсөөн. Манай Галсан түүнийг мангас Дорж гуай, Сэнгээ гуай хоёрт (зохиолч Д.Сэнгээг хэлж буй бололтой. сурв) хэлж байгаад Дотоодыг хамгаалахын шоронд хориулна гэж байгаад унтлаа хэмээн бурж хавийн хүмүүсийн үнхэлцгийг хагалчих шахав. Үнэндээ тэр авгайгаас нь Галсан төлөөлөгчөөс ч дутуугүй айдаг байсан юм санж. Энэ яриа ч дорхноо тарж маргааш гэхэд Татанхай хар Дотоодыг хамгаалахад баригдаж хүүр болох юм байна. 

 

Муугаа мэдэхгүй амаа татахгүй бурж байдаг гэсэн утгатай яриа тэр хавиар таржээ. Өглөө эрт шартаад гөлөн гөлөн хийсэн Галсанг ажилдаа явахад нь хүмүүс:

- Одоохон эргэж ирээд л Татанхай харыг авч явах байх хэмээн ярьцгааж байлаа. Үдээс хойш Галсан төлөөлөгчийн хашааны өмнө хар машин зогсч шал өөр хүмүүс буухад хашааныхаа завсраар хэрэг дурлан харцгааж байсан хүмүүс:

- Татанхай харыг барих нээ. Бодвол Галсангийн эхнэр зааж өгөх нь бололтой гэцгээж байтал бөөн уйлаан майлаан болоод явчихжээ. Удаа ч үгүй үс толгой нь сэгсийсэн Галсангийн эхнэр Гэрэлээ хашаанаасаа гүйн гарч: 

- Миний нөхрийн толгойг тэр Татанхай хар л залгисан. Тэр муу новш өчигдөр нөхрийг маань хараасан юм хэмээн бахирч сүйд майд болов. Ингээд эхнэр нь машинд сууж одлоо. Хүмүүс ч тэр дороо шивэр авир гэлцээд явчихав. 

 

- Нээрээ Татанхай харын хэлснээр боллоо. Харин яаж үхсэн бол? гэцгээж сониучирхана. Энэ үеэр чухам юу болсныг ч мэдсэн юмгүй. Татанхай хар түлшний мод үүрчихсэн гэр рүүгээ алхаж ирлээ. Үнэндээ түүнд Галсан ногоон малгайтныг үхсэн гэж хэлэх зоригтой хүн олдсонгүй. Харин тэр шөнө Самдангийн аав Жигмэд гуай эхнэртээ:

- Зайлуул ядарсан амьтан орж хэлье байз. Ногоон малтгайтнуудын гарт үхвэл ямар л сайн байв гэж хэмээн шивэгнэн хэлээд гарч оджээ. Ингээд эцэг нь бүр үүр цүүрээр орж ирэх нь хүүд сонсогджээ. Эцэг нь орондоо орох зуураа:

- Хөөрхий минь их л баярлаж байна. Маргаашдаа багтаад алга болчихно гэж байна. Зайлуул хүн амьтан хүүхэд ч гэлээ энэ талаар хүн хард хэлбэл эцэг нь толгойгоо цусардана гэдгийг зөнгөөрөө гадарлаад амаа жимийжээ. Маргааш нь л Татанхай хар алга болсон тухай яриа дэгдлээ. Өдөр нь Дотоодыг хамгаалахын ногоон малгайтнууд ирж баахан хүнийг байцаан түүнийг асууж байгаад явжээ. Галсан төлөөлөгч өглөө нь ажилдаа очих замдаа хятадын гуанзанд орж хар архиар шараа тайлсан юм байх. Тэгээд Дотоодыг хамгаалахын хашаан дотор тэнтэр тунтар алхаж яваад бүдэрч унахдаа газар хэвтээ хадаастай модонд зүрхээ нэвт сүлбүүлэн үхсэн ажээ. Тэр Татанхай харын тухай юу ч хэлж амжсангүй. Харин түүний хар авгай нь ногоон малгайтнуудад болсон явдлыг уйлан хайлан ярьснаар ийм байдалд оруулжээ. Ингээд 

 

Татанхай хар ор сураггүй алга болж мартагдах тийшээгээ ханджээ. 1966 онд Самдангийн эцэг Жигмэдийн бие нь муудаж хэвтэрт оров. Энэ үеэр аав нь:

- Аав нь амьдралдаа нэгэн том буян үйлдсэн юм. Хараалч хүний амийг аварсандаа. Амьд байдаг юм болов уу? хөөрхий минь гэж хэлэхэд нь багадаа энэ явдлыг сонссоноо санаад ааваасаа тэр тухай ярьж өгөхийг гуйжээ. Аав нь хэнд ч хэлэхгүй байх ам өчгийг нь аваад болсон явдлыг ярьж өгчээ. Тэр шөнө Жигмэдийг гэрт нь явж ороход Татанхай хар огло үсрэн босчээ. Дуу шуугүй юм шиг явдаг хирнээ:

- Хүүш, манайд хүн шагайдаггүй юм. Одоо яадаг билээ хэмээн баярласан янзтай байжээ. Жигмэдийг болсон явдлыг ярихад:

- Тэр олон хүнийг нус нулимстай нь хутгасан хүн үхэх ёстой. Харин би тэнэг авгайг нь өршөөхөөр шийдсэн гэж хэлжээ. Тэгээд өөрийнхөө тухай ярьж өгсөн аж. Татанхай харын нэрийг Хачир гэдэг аж. Тэрбээр хаанахынх нь тодорхойгүй нэгэн эмэгтэйн бутач хүү болон мэндэлсэн бөгөөд хоёрхон настайдаа өнчирч хоцорчээ. 

 

Гандангийн хүрдэн дор хэвтэж байсан түүнийг нэгэн эр олж аваад Тэргэл гэдэг удган бөөд аваачиж өгчээ. Удган ээж нь түүнд Хачир гэж нэр хайрласан бөгөөд асар их хар хүчийг шингээж өгсөн аж. Энэ үеэр нэгэн зайран Тэргэл удгантай муудалцахад нь Хачир ээждээ тусалснаар зайрангийн хараал тусч татанхай болсон нь тэр байж. Удаа ч үгүй ээж нь өнгөрснөөр мань эр орь ганцаараа үлджээ. Амьдралынх нь түүх гэвэл ердөө энэ байжээ. Энэ бүхнийг ярьсны эцэст Хачир буюу Татанхай хар:

- Баянхангай байхад би алзахгүй ээ хэмээн хэлээд тас тас хөхөрчээ. Ийм л нэгэн аймшигт атлаа гэм зэмгүй хараалч эр харгис хэрцгий ногоон малгайтныг хөнөөж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)