Н.Энхбаяр: МАНАН миний сэтгэлийн шөрмөсийг тасалж чадахгүй

Өнгөрөгч амралтын өдрүүдэд улс төрийн эргэн тойронд  нэгэн сонин содон үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал, улс төрийн гуравдагч хүчин болох МАХН хоёр толгойтой могой болж хувирав. Нэг талд УИХ-ын гишүүн О.Баасанхүү,Г.Бямбасүрэн нар Төрийн ордонд 800 гаруй төлөөлөгчидтэй Их хурлаа хийж, намын даргаа шинээр сонгон, намын дүрмээ шинэчлэн батласан юм.
 

Тэгвэл  өчигдөр Н.Энхбаяр, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нарын МАХН-ын удирдлагын хүрээнийхэн дээрх Их хурлыг хууль бус хэмээн үзэж Циркт мөн хурал зохион байгуулав. Энэ үеэр Н.Энхбаярын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Оюутолгой, Тавантолгой харсаар байтал луйвар болсон. Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болж чадаагүй. АН, МАН, МАНАН-гийн бүлэглэл хувааж идэж байна.  Тэд хагартлаа баяжиж байна. Баяжсан мөнгөө оффшорт нууж байна. Тэднийг оффшорт мөнгөө нууснаас болж Европын холбоо Монгол Улсыг хар дансанд бүртгэсэн. Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэх нь багасна гэсэн үг. Монгол Улсад сэжигтэй ханддаг болно гэсэн үг. Тэр сэжгийг арилгахын тулд маш олон жилийн хугацаа шаардагдана. МАНАН бүлэглэл бол маш хортой үйл ажиллагаа явуулдаг гэдгийг  бид хэдийнээ мэддэг болсон.МАНАН байгаа цагт утаа ч арилахгүйМАНАН байгаа цагт Монголын ард түмний хувь заяа тэгшрэхгүй гэдгийг би мэдэж байна

МАНАН-гийн толгойд байгаа олигархиуд цөөхүүлхнээ хаалттай хаалганы  цаана Монгол Улсын хувь заяаг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн шийдэж, тэдний энэ буруу шийдвэрээс болж ард түмэн хохирч байна

Хуулийн шүүхийн байгууллагууд олигархиудын гарт орчихсон.Шударга ёс өнөөдөр Монгол Улсад алдагдсан. Намайг 500 цагдаа баривчилсан. Миний хоёр шөрмөсийг тасалсан.Гэхдээ миний сэтгэлийн шөрмөсийг хэн ч , ямар ч МАНАН тасалж чадахгүй. Монголын ард түмний сэтгэлийг шөрмөсийг ямар ч МАНАН тасалж чадахгүйг би сайн мэднэ

Хуурамч дамбийжаа нарын хурлыг  500 цагдаа мөн хамгааллаа.Төрийн ордонд хаалттай хаалганы цаана  хуурамч дамбийжаа нар хаалттай  хуралдлаа. Энэ бол МАНАН-гийн олгирахиудын захиалгаар дамбийжаа  нар эзнийхээ даалгаврыг биелүүлж 500 цагдаагийн хамгаалалт дор бидний эсрэг цаашлаад Монголын ард түмний эсрэг тоглоомын шийдвэрийг гаргасан Гэхдээ энэ хэцүү хүнд сорилтыг бид даван туулна.

Монголын ард түмэн шударга ёсыг хүсэж байна.  Жинхэнэ МАХН-ыг хүсэж байгаа, хүлээж байгаа, дэмжиж байгаа гэдэгт би эргэлздэггүй.

Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрсөн, амлалтаа маргааш нь мартдаг, санах дургүй  ийм л төр өнөөдөр байна. Төр засаг хүмүүжил биш, хүмүүжүүлэх ч биш харин Монголын ард түмнийг, залуучуудыг эвдэх, буруу үлгэр дуурайлал үзүүлэхийн үлгэрлэл болж байна.  Ийм төр засаг хэрэггүй, солих ёстой. Жинхэнэ шударга төр засаг байх ёстой

МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалин нэмнэ гэсэн. Гэтэл өнөөдөр байдал хэвээр, хоёр жил боллоо

АН-ынхан  Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмний өр зээлийн асуудлыг шийднэ гэсэн. Энэ амлалт мөн хааччихав. Ам, ажил ийм хол зөрүүтэй байхад ард түмэн  төр засагтаа яаж итгэх юм бэ

Ажил, ам хоёрыг нийлүүлэхийн төлөө зүтгэж, тэмцэж байгаа, МАНАН-гийн хүчирхийллийн эсрэг сөрж зогсож чадаж байгаа хамгийн хүчтэй, цорын ганц гэж хэлж болох МАХН ард түмэнтэйгээ хамт байж муу муухай бүхний төлөө тэмцэнэ гэдгийг намын даргын хувьд хариуцлагатай мэдэгдэж байна

Төр засгийн доройтол улам гүнзгийрч байна. Луйврын сонгууль удаа дараа болдог боллоо. Шударга ёсны төлөө тэмцдэг хүмүүс нь хэлмэгддэг хэвээр.  Юу ч өөрчлөгдсөнгүй.Төр засаг  луйварчдыг халхлан хамгаалдаг болсон

Өнөөдөр гэмт хэрэгтнүүд нь  шоронд биш төр засагт байна.Орон шоронд орж хэлмэгдсэн хүний хувьд үүнийг би сайн мэдэж байна. Ард түмэн ч намайг хэлээсэй гэж шаардаж байна

МАНАН-гийн олгиархиуд МАХН-аас үнхэлцгээ хагартал айж,дотроос нь хагалган бутаргах, гаднаас нь дайрч давшлах, удирдлагыг нь хоморголон хэлмэгдүүлэх, өмч хөрөнгийг нь булааж авах, гишүүдийг нь айлган сүрдүүлэх ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээр байна. Ингэхдээ хуурамч, урвагч дамбийжаа нарыг ашиглаж байна

Монголын улс төр яагаад манантав. Яагаад хулгайтай, хуйвалдаантай төр засаг бий болчихов

Өнөөдрийн баян, ядуугийн ялгаа шударга бус өмч хувьчлалтай холбоотой

Мөнгө, албан тушаал гэсэн айхтар шунал ноёлсон.Үүний  төлөө яахаас  ч буцахгүй болжээ. Албан тушаалдаа үлдэхийн тулд бусдыг хэлмэгдүүлж, албан тушаалыг авахын тулд их мөнгө хаяж байна. Аль алийг нь авчихаад ханаж чадахгүй байнаУлам л шунал нь нэмэгдэж байна. Намыг үзэл баримтлалын нэгдэл гэж харахаа болиод сонгууль луйвардах хэрэгсэл болгосон.Төр засгийг хууль бусаар булаан авах хэрэгсэл болгосон60 тэрбум бол төр засгийг булаан авсан  тодхон жишээ

Шалгаж яагаад эзнийг нь тогтоохгүй байгаа юм бэ. Яагаад гэвэл хууль, шүүхийн байгууллага хараат учраасҮзэл баримтлалгүй МАН, АН байгаа учраас хоорондоо ажиллах, хуйвалдах нь нөхцөл нь бүрдсэн. Ингэж л МАНАН үүссэн. МАНАН үүссэнээр Оюутолгой, Таван толгой луйвар эхэлсэн. МАНАН үүссэнээр оффшор бий болсон.МАНАН үүссэнээр хараат шүүх бий болсон. Надаас эхлээд жирийн Монгол иргэнийг  хайр найргүй хэлмэгдүүлсэн

МАНАН бүлэглэл МАХН-аас айж байгаа. Энхбаяраас айгаад л байгаа. Энхбаярыг яаж дарах уу, МАХН-ыг яаж дарах уу гэж МАНАН-гийн бүлэглэл үргэлж  боддог.Бидэнтэй байлдах биш, амлалтаа биелүүл, МАНАН-гийн нөхдөө

Ш.АДЪЯАМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)