Юнисеф: Агаарын бохирдол хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж байна

Нэгээс доош насны 17 сая орчим хүүхэд хортой агаараар амьсгалж байгаагаас болж тархины хөгжилд нь эрсдэл тулгараад байна хэмээн НҮБ-ын хүүхдийн агентлагаас анхаарууллаа. Ялангуяа Өмнөд Азид амьдарч буй хүүхдүүдэд энэ аюул заналхийлж, 12 сая гаруй хүүхэд энгийн түвшнээс зургаа дахин их бохирдолттой агаараар амьсгалж байгаа аж. Түүнчлэн Зүүн Ази болон Номхон далайн бүс нутагт дөрвөн сая хүүхдэд дээрх төрлийн эрсдэл тулгараад байгаа юм.

Юнисеф байгууллагын мэдэгдэлд агаарын бохирдол нь тархины эд эс, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг тухай анхааруулсан байна. Хэл яриа болон хэл ярианы бус сэтгэхүйд нөлөөлж, ой санамж муудах, сургуулийн хүүхдүүдийн шалгалтын оноо болон сурлагын дундаж дүн буурах шалтгаануудын нэг болж байна хэмээн үзжээ. Хамгийн гол нь энэ нөлөөлөл нь хүүхдийн насан туршийнх нь амьдралд үргэлжилнэ гэдгийг тайландаа онцлон тэмдэглэжээ.

"Дэлхийн ихэнх улс орнууд улам бүр хотжиж, түүнээс үүдэх сөрөг үр дагавруудад зохистой хамгаалалт, агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахгүй байгаагаас болж жил ирэх тусам хохирч буй хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна” хэмээн Юнисеф тайландаа дурдсан юм. Тиймээс нүүрний маск, агаарын шүүгч системийг өргөн хүрээнд ашиглаж, бохирдол ихтэй үед хүүхдүүдийг гадагш гаргахгүй байхыг тус байгууллагаас уриалаад байна.

Өнгөрсөн сард мөн хорт утаа Энэтхэгийн нийслэл Дели хотыг бүрхэж, тус хотын ерөнхий сайд Арвинд Кежрвал "хийн тасалгаа” шиг болчихлоо хэмээн ярьж байсан билээ. Хотын зарим сургууль хаалгаа барьсан ч дахин ажиллаж эхлэхэд эцэг эхчүүдийн зүгээс эрх баригчид хүүхдүүдийн эрүүл мэндийг үл тоомсорлож байна хэмээн ихээхэн шүүмжилж байгаа аж. Түүнчлэн Делид агаарын бохирдлын түвшин өндөр байх үед талбай дээр тоглож байсан Энэтхэг, Шри Ланкын крикет тоглогчид бөөлжсөн юм.

Харин Хятадын хойд хэсэгт агаарын бохирдол хүний амьдрах хугацааг гурван жилээр богиносгож байгааг судлаачид тогтоож, засгийн газраас компаниудад ялгаруулж буй утаагаа багасгах хууль дүрмийг тогтоосон ч тухайн байгууллагууд хууль зөрчсөөр байгаа тухай хэвлэл мэдээллээр шүүмжилсэн хэвээр байгаа юм.

Мөн эмхэтгэлд ашигласан хиймэл дагуулын зургуудаас харахад Африкийн хотуудад ч агаарын бохирдол нэмэгдэж байгааг Юнисеф мэдэгдлээ. Лондон хотноо эмнэлгийн байгууллагуудад эрдэмтдийн хийсэн судалгаагаар Британийн хотуудад агаарын бохирдол нь нярайн эндэгдэл, төрөлтийн жин буурах, өвчин эмгэг нэмэгдэхэд голлон нөлөөлж байгааг тогтоожээ.

Эх сурвалж: Үндэстэн.мн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)