П.ОРХОН, А.БАТЦЭЦЭГ НАР БҮХ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛАВ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Чебоксар хотноо арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд боллоо. 16 дахь удаагийн тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг оролцсон юм. Чебоксар хотын “Ice Palace Arena”-д болсон тус тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, АНУ, Швед, Азарбайжан, Швед болон ОХУ-ын баг өрсөлдсөн. 

Дэлхийн цомын аваргын цомыг Японы баг тамирчид өргөсөн бол БНХАУ, Монголын баг мөнгө, хүрэл медалийг хүртэв. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын баг тавдугаар байрыг эзэлсэн бол Укриан, Азарбайжан, Швед VI-VIII байрт орлоо. Манай бүсгүйчүүд 2015 онд үзүүлж байсан амжилтаа давтаж, хүрэл медалийн тавцанд зогссон юм. 

ДЭЛХИЙН АВАРГА П.ОРХОН БҮХ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЦЭВЭР ЯЛСАН БОЛ А.БАТЦЭЦЭГ МӨН ДӨРВӨН ЯЛАЛТ АВЛАА

Дэлхийн цомд өрсөлдсөн шилдэг найман баг хоёр хэсэгт хуваагдахад “А” хэсэгт Япон, АНУ, Швед багтсан бол “В” хэсэгт Монгол, БНХАУ, Азарбайжан, Укрианы багууд орсон. Хэсгээ тэргүүлсэн баг финалд буюу аваргын төлөө өрсөлдөх байсан. Манай бүсгүйчүүд хэсэгтээ Азарбайжан, Укрианыг 6:2 онооны харьцаагаар илт давуу ялалт байгуулсан. Улмаар хэсгийн сүүлийн барилдаанаа БНХАУ-ын багтай хийж, 5:3 онооны харьцаагаар ялагдал хүлээсэн. Энэ барилдаанд дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаа, дэлхийн аварга П.Орхон болон залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт А.Батцэцэг нар ялалт авсан юм. Хэрвээ манай бүсгүйчүүд урд хөршийн багийг ялсан бол Японтой аваргын төлөө барилдах байсан.

Хэдийгээр манай баг финалд үлдэж чадаагүй ч хүрэл медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд АНУ-ын багийг 5:2 онооны харьцаагаар хожсон. Энэхүү барилдаанд 53 кг-д Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Сумъяа, 58 кг-д А.Батцэцэг, 63 кг-д П.Орхон, 69 кг-д С.Батцэцэг нар өрсөлдөгчөө хожсоноор дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грей тэргүүтэй АНУ-ын багийг буулган авсан. 75 кг-ын жингийн хүчтэй өрсөлдөгч А.Грей Г.Уртнасанг цэвэр ялсан юм.

Энэ жилийн Дэлхийн цомд өрсөлдсөн манай багт олон шилдгүүд багтсан. Тэр дундаа шинэхэн дэлхийн аварга П.Орхон бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан бол 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг мөн дөрвөн ялалт авч өсөх ирээдүйтэй тамирчинг гэдгээ харуулаад авсан. 

Япон улсын шигшээ баг энэ удаагийн Дэлхийн цомд залуу тамирчдаа илгээсэн ч тэд Шведийг 8:0, ОХУ-ыг 5:3-аар ялж, АНУ-ын багтай 4:4-өөр тэнцэж финалд үлдсэн. Мөн аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын багийг 4:4-өөр хожин онооны чанараар түрүүлсэн юм. Японы шигшээ баг тус тэмцээнээс ес дэх түрүүгээ хүртлээ.

Монголын баг анх 2013 онд мөнгөн медаль хүртэж байсан бол 2015, 2017 онд медалийн буухиаг үргэлжлүүлж, хүрэл медальтай ирлээ.

 

 
 

 

 

 

 

 

 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)