“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Нэг өрх-Нэг ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг маргааш Хангарди ордонд өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон нийслэлийн төр захиргааны байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцов.

“Нэг өрх-нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгч цаашид бодлогын түвшинд хэрхэн ажиллах асуудлаар санал солилцох, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхиүлэн дэмжих зорилтыг дэвшүүлсэн ба Монголд өнөөдрийн байдлаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход эдийн засгийн өсөлт хэрхэн нөлөөлж буй байдал, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын үүрэг оролцоо ямар түвшинд байна үүнийг хэрхэн нэмэгдүүлэх, Бичил, жижиг бизнесийг дэмжин зохистой ажлын байр бий болгох боломжийг харж, арга замыг тодорхойлон шийдэлд хүрэх, Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшингийн өнөөгийн байдал болон цаашдын хүлээлтэд тулгуурлан бодлого тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Ажилгүй иргэдийг орлоготой болгож, ядуурлыг бууруулах зорилгоор өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газараас “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 9000 гаруй ажлын байрыг бий болгож,  “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд нийслэлийн зургаан дүүргийн 566 иргэнийг хамруулсан байна. Ингэснээр  хөтөлбөрт хамрагдсан иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, тариалсан хүнсний ногооныхоо ашгийг амьжиргаандаа хэрэглэх боломжтой нь  энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн юм. Тухайлбал, иргэд өнгөрсөн наймдугаар сард нэг хүлэмжээс ойролцоогоор 800 кг өргөст хэмх хурааж нийт 26 хүлэмжээс 70 гаруй сая төгрөгийн нарийн ногоог хураан авчээ. Уг хөтөлбөрийн хүрээнд цаашид Үйлдвэр инновацийн парк байгуулснаар  2020 он хүртэл 19000 ажлын байрыг бий болгох зорилт дэвшүүлээд байгаа. Төр захиргаанаас зохион байгуулж буй ажлын байрнаас гадна хамгийн гол нь хувийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Төрийн байгууллага дангаараа ажиллавал ажлын байр тоотой учраас нэмэгдүүлэх асуудал дээр орон тоо бүтэц  яригдах юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид ямар арга замаар ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын түвшингээ тодорхойлж байна” хэмээлээ.  

Хэлэлцүүлгийн гол зорилго Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийн нөөц боломж, хөдөлмөрийн зах зээлийн багтаамж, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж хүн амын хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх, орон нутгийн түвшинд төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд тулгуурлан ажлын байр бий болгох хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлэх боломж, арга зам шийдлийг олоход оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)