Тархины түгжээгээ мулталсан сонирхолтой түүхээс

1. В.Баярсайхан

“Biznetwork” сайтын Үүсгэн байгуулагч, Dell, Amazon компаниудад ажиллаж байгаад одоо “Анд глобал” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа.

“Би Дорнод аймагт ЕБС-д сурч байсан. Азаар 9-р ангидаа хотод Монгол Туркийн сургуульд сурсан юм. Анх ирээд бүх хүүхдээс англи хэлний шалгалт авахад би доороосоо хоёр гуравт жигсаж байлаа. Анги дотроо бид нар маш их өрсөлдөөнтэй болохоор “шар” хөдлөөд л арай гэж эхний жилээ өнгөрөөсөн. Манай аав ээж долоо хүүхэдтэй болохоор илүү мөнгө явуулна гэж бараг байхгүй. Зуны амралт болоод гэрлүүгээ явах унааны 20мянган төгрөг явуулахад нь тэр мөнгөөрөө English in grammar ном аваад, таньдаг ахаасаа гуйгаад гуч машины ачаан дээр суугаад Дорнод руу гэр лүүгээ явсан юм. Очоод тэр зун бараг гэрээсээ гарахгүй нөгөө номоороо англи хэлээ бэлдсэн. Манай гэрийнхэн хүртэл гарахгүй байгаад гайхаад. Тэгээд намар нь сургуульдаа ирээд англи хэлний шалгалт өгөхөд олимпиадад ордог хүүхдүүдийн хэмжээнд очиж чадсан байсан.

Би түүнээс хойш хүн дандаа “иймээрээ” байдаггүй юм байна, би гуравхан сарын дотор ингэж сайжирч байгаа юм чинь цаашаа өшөө илүү хөгжиж болох юм байна гэдгийг ойлгосон доо. Тэгж л анх тархины түгжээ мултарсан байх. “

2. Д.Бат-Октъябрь

Techstars компанийн Бүс нутаг хариуцсан захирал, “Start up Mongolia” ТББ-ын Үүсгэн байгуулагч “Намайг 14 настай байхад манай сургууль дээр англи хэлний анги анх нээгдэж байсан. Би Эрдэнэт хотод сурч байсан юм. Ээж маань намайг англи хэлний ангид оруулчихсан. Тэгсэн Сорсын сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад би түрүүлээд Америк явж байлаа. Америкт очоод 18 орны 36 хүүхэдтэй нэг дотуур байранд амьдраад, өөр хоол идэж үзээд, “ориг” пүүз өмсч үзлээ. Тэр үед л би хязгааргүй мөрөөдөж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, дэлхийн хэмжээнд ажиллаж амьдрах хэрэгтэй гэдгийг л ойлгож байсан даа.”

3. “Анд глобал” компанийн Захирал Ч.Анар

“Өмнө олон бизнес хийж унаж босч явсан. Шантрахгүй дахин эхлүүлэх урам зориг, тархины түгжээ мултарсан үе минь мотоспортоор хичээллэж, тэмцээнд орж байсан л үе юм билээ. Дакарын уралдаанд оролцоод 6 дахь шөнө ямар ч хүч тамиргүй жолоогоо атгаж ч чадахгүй болчихсон явж байхад хоёр Голланд тамирчин ирээд намайг босгоод “Mongolians never stop” гэж хэлж байсан. Кинон дээр зодуулж зодуулж байгаад эхнэрийг харахаар ч юм уу гэнэт босч ирээд дайснаа нам унагадаг шиг юм болсон гэхэд хилсдэхгүй. Голланд тамирчны хэлсэн тэр үгийг сонсоод тэр шөнөдөө 289 км яваад бариандаа орж байсан даа. Түүнээс хойш бол чадахгүй гэдэг бол тархинд л байгаа гэдгийг маш сайн ойлгосон.”

“Сурагч бэлэн болох үед багш гарч ирдэг” гэдэг.  Хүн бүрийн БЭЛЭН БОЛОХ цэг, нөхцөл, үе нь өөр байдаг байх. Гэхдээ хүсэл мөрөөдлөө олоод итгэлтэй болоход жирийн нэг хэлсэн үгийг хүртэл үнэтэй сургамж шиг хүлээн авдаг. Та бүхэнд бас бусдад сургамж, сэдэл болохоор өөрт тохиолдсон сонирхолтой түүхээс комментоор хуваалцаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)