ХОНОСОН ХУУШУУР ХУДАЛДААЛЖ БАЙНА

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар дүүргийнхээ Түргэн үйлчилгээний 126 цэгт /ТҮЦ/ өчигдөр /2017.10.30/ гэнэтийн шалгалт хийжээ.

Шалгалтад ихэвчлэн сургуулийн ойр орчим, авто зам дагуу байрших ТҮЦ хамрагдсан байна. Шалгалтаар хадгалах хугацаа нь дууссан, мөн 1-3 хоносон, транс тос ихээр агуулсан торт, гурилан бүтээгдэхүүн, хуушуур, бууз, пирошки, чанасан өндөг, ороомог, кимбаб, зайдас зэргийг илрүүлж, устгахаар хураан авсан байна.

Үүнээс гадна шалгалтад хамрагдсан 126 ТҮЦ-ийн зөвхөн долоо нь худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй бусад нь зөвшөөрөлгүй байжээ. Мөн эрхлэн ажиллуулж буй хүмүүсийн 90 орчим нь 2-3 иргэн дамжсан түрээсийн үндсэн дээр ажиллаж байсан нь тогтоогджээ.


БЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.ЦЭНДСҮРЭНБЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.ЦЭНДСҮРЭН

Шалгалтын явцад зөвшөөрөлгүй цэгт тамхийг хайрцгаар болон ширхэглэж борлуулдаг зөрчил нийтлэг илэрчээ. 1.3 сая төгрөгийн өртөг бүхий 375 ширхэг тамхийг хурааж, улсын орлого болгожээ. Хууль зөрчиж, эрсдэлт худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжид нийт хоёр сая төгрөгийн торгууль тавьсан талаар Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Цэндсүрэн тайлбарлав.

Тэрбээр “Олон хонож, муудсан гэдэс хямраах үйлдвэрлэгч нь тодорхойгүй, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг оюутан, сурагчид голдуу авч иддэг. Эдгээр бүтээгдэхүүнийг ТҮЦ ажиллуулдаг иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд худалдаалж, борлуулж байгааг анхаарах хэрэгтэй' хэмээн ярилаа.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)