Хүүхдийн дэлгэц ширтэх цагийг өдөрт 90 минутаас хэтрүүлэхгүй байвал таргалалтаас сэргийлнэ

Сүүлд хийсэн судалгаагаар хүүхдийн цахилгаан төхөөрөмжийн дэлгэцийг харах цаг уртсах тусам таргалалт нэмэгддэг болохыг харуулжээ.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ дэлгэцтэй харьцах цагийг өдрийн 90 минутаас хэтрүүлэхгүй байвал таргалалтаас сэргийлэх боломжтойг зөвлөсөн байна. Судалгааг ахалсан доктор Адамос Хаджипанаис “Эцэг эхчүүд дөрвөөс дээш настай хүүхдийн телевиз, компьютер, гар утасны дэлгэц харах цагийг өдөрт 1.5 цагаас хэтрүүлэхгүй байвал зохино” гэж зөвлөжээ.

Европын айл өрхүүдийн 97 хувь нь нэг ба түүнээс олон телевизтэй бол 72 хувь нь компьютертэй байдаг тул дээрх цагийн хязгаарыг баримтлахад хэцүү гэдгийг тэр бас хэлсэн байна. Гэвч сүүлийн 25 жилийн хугацаанд хүүхдүүдийн илүүдэл жингийн асуудал Европт улам бүр нэмэгдэж байгаа тул дээрх зөвлөгөөг дагахаас өөр аргагүй гэнэ.

Зөвхөн хүүхдийнхээ хэрэглээг хориглохоос гадна эцэг эхчүүд өөрсдөө дэлгэц ширтэх цагаа багасгах нь хүүхдүүддээ нөлөөлөхөд чухал алхам болно гэдгийг судлаачид бас анхааруулжээ.

Судалгааны тайлан өнгөрсөн долоо хоногт Британий “Acta Paediatrica” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)