Ер нь нас барсан хүний зуурдад гацсан сүнсийг дуудаж биендээ оруулж бөөлнө гэдэг хүсээд байх зүйл биш

Ер нь нас барсан хүний зуурдад гацсан сүнсийг дуудаж биендээ оруулж бөөлнө гэдэг хэр баргийн онгодтой аавын хүүгийн хүсээд байх зүйл биш юмсанжээ. Ингээд Намжил хэмээх гайгүй нэртэй зайранд тохиолдсон нэгэн эмгэнэлтэй явдлыг дор толилуулъя. Намжил зайран бол найман угаа барьчихсан, аливаа зүйлийг хуяглаж хийхдээ гаргуун, нэлээдгүй нэр хүндтэй зайран байсныг хэлэх хэрэгтэй. Тэрээр хоёр ч газар уригдан очиж уул ус тахиж, хур бороо оруулсан бөгөөд энд тэндээс урилга даллага ч тасардаггүй байсан байна. Гэхдээ тэрээр хараал ширээл хийж бусдад хар мөртэй зүйл хийхээс татгалздаг нэгэн байжээ. Сүүлийн үед гадуур бөө нараар талийгаачдынхаа сүнсийг дуудуулан хойд насанд нь уулзан учирч, амьдад нь хэлж ярьж чадаагүй үгээ ярих хүсэлтэй хүмүүс олширч, үүнийг дагаад бөө нарын бизнес ч идэвхтэй цэцэглэснийг дээр дурьдсан билээ.

Намжил зайрангаар байнга үзүүлдэг байсан нэгэн бизнесмэн хүүхэн нэг өдөр түүн дээр очиж нас бараад хоёр жил болж буй эр нөхрийнхөө сүнстэй уулзмаар байгаагаа хэлжээ. Ингээд "Гадуур янз бүрийн бөө нар тийм зүйл хийдэг болж. Гэвч би тэдэнд итгэж чадахгүй байна. Үүнийг ганцхан та л хийж чадна. Танаас өөр хэн ч чадахгүй. Би эр нөхөртөө амьдад нь хэлж чадахгүй, уучлал гуйж чадаагүй хэд хэдэн алдааг сүнсэнд нь ч болтугай хэлж бие сэтгэлээ амирлуулмаар байна. Та намайг эр нөхрийн маань сүнстэй уулзуулж, миний бодсон санасан зүйлийг хүргэж тус болооч. Би танд 20 сая төгрөг бэлнээр нь өгье. Одоо та энэ 10 саяыг авч бай" хэмээн цүнхнээсээ зузаан боодолтой 10 мянгатын дэвсгэрт гаргаад ирсэн ажээ. Хичнээн мундаг чадалтай зайран ч бай мөнгөөр гачигдах үе цөөнгүй бий. Яг тэр үед Намжил зайрангийн том охин нь Солонгост их сургуульд сурах гээд зардал мөнгөнд нь яг 20 сая төгрөг дутчихаад байсан аж. Намжил зайран хэсэг бодолхийлж сууснаа өмнөө тавьсан мөнгийг чимээгүйхэн аваад авдрандаа хийжээ.

Ингээд бизнесмэн хүүхний хүсэлтээр эр нөхрийнх нь сүнсийг дуудан биендээ оруулж уулзуулахаар болсон байна. Намжил зайран чонын арьсаар хийсэн хэнгэргээ авч дэлдэн, аман хуураа уянгалуулан татаж эхэлсэн бөгөөд хориод минут амнаасаа хөөс сахартал онгодоо дуудан хэнгэрэг цангаа балбасны дараа түүний биенд зуурдаар одсон компанийн захирал эрийн сүнс хар утаа ханхлуулан ороод ирсэн ажээ. Намжил зайрангийн биенд бүрлээчийн сүнс орж ирэх тэр агшинд улаач эмэгтэйд нь хиншүү хярвас үнэртээд явчихсан гэж байгаа. Ингээд л Намжил зайран хэнгэргээ газар тавимагцаа гэнэт бизнесмэн хүүхний нас барсан нөхрийн хоолойгоор "Та нар сайн уу, Чиний бие сайн биз дээ. Би зуурдын 13 орноос салхи мэт хийсэн хүрч ирлээ. Энэ хэн гээч хүний бие вэ. Ямар адын чөтгөр нь намайг зуурдын орноос дуудан татаад авчрав аа" хэмээн ярьж эхэлсэн байна. Бизнесмэн эмэгтэй ч нулимсаа асгаруулан нас барсан эр нөхөртэйгээ өөрийнхөө амьдрал хийгээд зовлон зүдгүүрийн талаар гучаад минут ярьсан ажээ.

Үүнийхээ дараа Намжил зайрангийн биед орсон талийгаачийн сүнс гэв гэнэтхэн л "Би маш их өлсөөд байна. Чи надад гарынхаа хоолыг хийгээд өгөөч" гэсэн аж. Бизнесмэн эмэгтэй ч сандран хоол унд хийхээр бостол Намжил зайрангийн улаач эмэгтэй "Хүүе та хоол ундаар дайлж болохгүй. Одоо ингээд зайрангаа сэрээж, таны нөхрийн сүнсийг биеэс нь гаргаж явуулахгүй бол болохгүй. Зайран өөрөө надад нэг цагаас илүү биенд маань байлгаж болохгүй шүү" гэж хэлсэн юм. Гэтэл одоо 45 минут болчихлоо. Одоо хэнгэргээ дэлдэж зайрангаа сэрээе" гэхэд бизнесмэн хүүхэн учиргүй уурлан "Би мөнгийг нь хангалттай төлчихөөд байхад чи юу яриад байгаа юм. Тэр хэнгэрэг цангаа хойш нь тавиад дуугүй сууж бай. Би ямар ч байсан талийгаач нөхөртөө гарынхаа хоолыг нь хийж өгч байж сална" хэмээн уурлажээ. Ингээд бизнесмэн хүүхэн талийгаачийн идэх дуртай байсан банштай будаатай сүүтэй цайг чанаж өгөхөд Намжил зайрангийн биед орсон сүнс гурван том аягыг торох ч үгүй идэж орхижээ.

Тэгснээ л гэв гэнэт "За би ойрд гашуун ундаа амссангүй. Чи надад миний уух дуртай вискиг аваад ир" гэсэн байна. Улаач хүүхэн нь маш их эсэргүүцсэн ч гэсэн бизнесмэн хүүхэн өөрийнхөөрөө зүтгэсээр нөхрийнхөө сүнсэнд уух дуртай үнэтэй вискиг нь авчирч өгсөн байна. Намжил зайрангийн биед шингэсэн сүнс мөнөөх вискиг дуустал уух гэж бараг бүтэн хоёр цаг болсон бөгөөд ууж дуусгасныхаа дараа шал согтож "Чи намайг амьдад минь хайрлаж байгаагүй шүү дээ. Би чамайг хөл дээр чинь босгосон биз дээ. Гэтэл чи даанч хүний үнэргүй новш" хэмээн агсам согтуу тавьж гарчээ.

Энэ үед улаач хүүхэн нь Намжил зайрангийн хэнгэрэг цанг амилуулж балбан дуу чимээ гаргаад гарт нь атгуулсан боловч мөнөөх зайрангийн биенд шүглэсэн сүнс явахгүй байсан ажээ. Тиймээс гарт нь атгуулсан хэнгэрэг цанг холоо шидчихээд агсам тавиад л байж. Сүүлдээ улаач нь өөрөө зайрангийн өмнөөс бөөлж сүнсийг хөөх гэсэн боловч хагас дутуу гарсан бололтой. Намжил зайран орчин тойрондоо юу болж байгааг ухаарахгүй элий балай нэгэн болж орхисон гэнэ. Зайранг чадалтай олон бөөд үзүүлсэн боловч аргалж чадалгүй өнөөг хүртэл ухаан солиотой хэвээр үлдсэн гэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)