Д.Энхбатын амиа алдсаны хариуцлагыг үүрэг өгсөн албан тушаалтнууд хариуцахаас биш гүйцэтгэсэн ажилтнууд, тагнуулынхан хариуцахгүй

Сүүлийн үед ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцын томилгоотой холбоотой асуудал дуулиан дэгдээж байна. Б.Хурц гэж хувь хүний талаар болон яригдаж буй томилгоотой холбоогүйгээр түүнийг буруутгаж буй "хүн хулгайлсан" гэх явдлын талаар өөрийн бодлыг товч илэрхийлэхэд:

Аль ч улсын тагнуулын байгууллага өөр орны хуулийг, зарим тохиолдолд олон улсын хэм хэмжээг зөрчиж үйл ажиллагаагаа явуулдаг. Бүх л улсын хуулиар тагнуулын болон бусад тусгай ажиллагаа хориотой. Америкийн хуулиар хориотой юм даа гээд хятадууд тэднийг тагнахгүй байна гэж байхгүй шүү дээ.

1972 оны Мюнхений олимпоор тамирчдыг нь барьцаалж халдлага үлдсэн этгээдүүдийг израйлчууд зарлаж байгаад өөр улсын нутаг дэвсгэрт нууц ажиллагаа явуулан устгаж, америкчууд Бин Ладенг пакистанчуудад мэдэгдэлгүй газар нутагт нь тусгай ажиллагаа явуулан хороож, оросууд Их Британид Литвиненког хордуулсан нь бүгд хууль бус. Улс орнууд өнгөрсөн бүх хугацаанд яг ийм зарчмаар тусгай ажиллагаа явуулсаар ирлээ. Одоо ч дэлхийн бараг л бүх улсад өөр орны тусгай албаныхан ил, далдаар үүргээ гүйцэтгэсээр л яваа.

Том, хүчирхэг улс бусдаас давуу эрхтэй биш. Хэдэн арван тэрбум доллароор санхүүждэг болохоор тагнуулчид нь чадвартай байдаг ч юм биш. Жижиг гэлтгүй бүх улс орон оршихуй, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах эрхтэй, өөрийн гэсэн хүч, хэрэгсэлтэй. Хилийн гадна, дотно галын нууц шугам дээр жинхэнэ эх орончид ажилладаг. Тушаал авлаа, гүйцэтгэе! Улс орныхоо төлөө амиа ч алдаж мэднэ. Үхлээ гэхэд шарил дээр нь хөшөө ч босгохгүй. Тэд бол үндэсний аюулгүй байдлын тулгуур.

Д.Энхбатыг баривчилж, хулгайлсан нь жигшүүрт явдал, хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Гэхдээ асуудлын гол нь Д.Энхбат гэм буруутай нь нотлогдоогүй, түүний хэлснээр эрүүдэн шүүлтэд орсон зэрэг нь төрийн буруу болохоос биш "хүнийг нууцаар хил давуулсан" гэдэг байж болшгүй зүйл биш. Өөрөөр хэлбэл Д.Энхбат манай үндэстний аюулгүй байдалд заналхийлэгч, алан хядагч байсан бол дээрх үйлдэл зөвтгөгдөх юм. Харин тусгай үүрэг гүйцэтгэхээр даалгавар авсан залуучууд энэ талаар мэдэх албагүй, бас боломжгүй. Их л сайндаа "С.Зоригийн хэргийг үйлдэгч" гэж л хэлсэн байх.

Д.Энхбатын амь насаа алдсаны хариуцлагыг үүрэх ёстой хүмүүс нь тухайн үед үүрэг өгсөн албан тушаалтнууд, шууд хэлбэл ҮАБЗ-д багтдаг эрхмүүд болохоос биш гүйцэтгэсэн ажилтнууд, тагнуулынхан байж болохгүй. Хууль бус тушаалыг биелүүлэх албагүй гэж хэн нэг ухаантан нь хэлэх байх, гэхдээ ажилтнууд нь өгсөн үүрэг даалгавар болгоныг хуульд нийцэх үү гэж асуугаад байвал гадаад тагнуулын албаа татан буулгасан нь дээр. Учир гадаад тагнуулын үйл ажиллагаа бүхэлдээ хууль болон олон улсын хэм хэмжээг зөрчиж явагддаг юм. Тийм болохоор дахин дурьдахад Б.Хурц ч бай, эсвэл В.Зөөлөн ч бай дэлхийн тагнуулын түүхэнд тэмдэглэгдэхээр чадвартай ажилласан ажилтан залуусыг буруутгах хэрэггүй. Зөөлөн суудлаас буруу тушаал өгсөн дарга нарыг буруутга.

Улс төр хийгчид, хийсвэр онолчид, цагаан гартнууд таны, миний эх орныг хамгаалахгүй. Үхсэн ч нэр нь дуурсагдахгүй далд фронтын залуус шиг гал руу орохгүй. Тэд эрх мэдэл, нэр төргүйгээр үхэж болох тийм ажлыг огт ойлгохгүй.

Б.Хурцыг АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга байснаар нь, элчин болох гэж байгаад нь, Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандантай тэрссэнээр нь буруутга, хамаагүй. Харин урьд ажилтны хувиар үүрэг хүлээн нууц ажиллагаанд оролцсоноор нь бүү дайр. Учир нь тэгэх тоолонд далд фронтынхны хүч суларч, бидний дайснуудын бах ханана. Ингэхийг хэн хүсч болох вэ, эргэцүүлнэ биз.

Хуульч О.Алтангэрэл 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)