“Тогтвортой хөгжил ба Ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, эко шошго” семинар болж байна

БОАЖЯ НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP), БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран “Тогтвортой хөгжил ба Ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, эко шошго” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.

 

Семинараар Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга механизмын талаар хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр БОАЖЯ-ны мэргэжилтнүүд Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын талаар мэдээлэл өгсөн бол  ESCAP-ийн талаас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв байдал, тойм баримт бичгийн боловсруулалтын талаар танилцуулга хийж, БНСУ-ын Байгаль орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ногоон санхүүжилт, ногоон сертификатын тогтолцоог нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцлаа.

Монгол Улсын хувьд бүх түвшний үйлдвэрлэл, хэрэглээнд байгаль орчинд ээлтэй арга, технологийг нэвтрүүлэх, ээлтэй хандлага зөв дадлыг төлөвшүүлж, урамшууллын оновчтой хөшүүрэг, механизмыг бий болгох зайлшгүй шаардлагыг үндэслэн энэ оны 9 дүгээр сард “Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг баталсан. БОАЖЯ-наас дээрх журмын хэрэгжилтийг хангаж, байгальд ээлтэй арга, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногоон гэрчилгээ олгох, байгальд ээлтэй арга, технологийг нэвтрүүлж бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээнд эко тэмдэг бий болгох асуудлаар нарийвчилсан шалгуурыг боловсруулахаар ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)