У.Хүрэлсүхийн "уранхай" дээлнийхээ нүхээр татсан сайдууд ямар хүмүүжилтэй вэ?

Өмнөх Засгийн газраас нэг ч сайд  У.Хүрэлсүхийн танхимд багтаагүй талаар хэвлэлүүд өөр өөрийн онцлогтой байр сууриа илэрхийлсээр байна.

Харин шинэ Ерөнхий сайд сонгож авсан сайдуудтайгаа яаж тохиролцов, тэд ёс суртахууны ямар хүмүүжил өөртөө төлөвшүүлсэн  бэ гэх асуудал анхаарал татаж байна. Шинэ сайдууд хэн нь хэн бэ гэдгийг олон жил царай төрх, дүр байдал, үг яриаг нь ханатлаа сонсож, харсан монголчууд багагүй мэднэ.

“Уранхай”, сэмэрсэн дээл шиг Засгийн газрын сонгосон сайдуудын зарим нь ард түмэндээ гологдож байна. Тэд өмнөх Засгийн газраас давхар дээлтнүүдээс бүрдсэн байгаагаар ялгарлаа. Харамсалтай нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь өөрөө дан дээл нөмөрчээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь “уранхай” дээлнийхээ нүхээр 12 сайдаа татжээ. Давхар дээлтэй сайдуудын хөдөлмөрийг үнэлэхдээ давхар цалин олгохгүй, зөвхөн нэг дээлийнхээ цалин хөлсийг өгөхөөр төлөвлөж байх шиг.

Ингэхэд У.Хүрэлсүхийн тэргүүлэх танхимын сайд нарын нэрс парламаентын босго яаж давж байгааг ил тодоор харуулах нь шударга ёс. Сөрөг хүчнийхний зүгээс нэг намын “эвсэл”-ийн гэж тодотгоод байгаа шинэ Засгийн газрын сайдуудыг МАН-ын хоёр бүлэг тусдаа хуралдаж тодруулсан гэх.

“Уранхай” дээлний нүхээр татсан сайд нарын зарим нь суудлаа товлочихож. Гэтэл гурван сайдын асуудал үлдсэн байна. Одоогийн байдлаар Шадар болон Батлан хамгаалах, Байгаль орчны сайдын албанд хэн ажиллах нь тогтоогүй, өмнөх нэр дэвшигчид нь Ерөнхий сайдад таалагдаагүй, ашиг сонирхлын зөрчилтэйд  тооцогдсон бололтой. Гэвч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин шадар сайдад, Н.Энхболд Батлан хамгаалахын, Н.Цэрэнбат БОНХ-ийн сайдад нэр дэвших нь тодорхой болсон ч эцсийн шийд гараагүй байна.

Тэгэхээр“уранхай” дээлтэй Засгийн газрыг бүрдүүлэх гишүүд хэн нь хэн бэ? Тэд ямар гарал угсаа, түүх намтар, зам мөртэй болох нь “жинхэнэ сайд” мөн эсэхийг тодорхойлох бизээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин

Өлзийсайханы Энхтүвшин 1958 оны 10 дугаар сарын 30-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Тэрбээр эхээс арвуулаа айлын том хүү аж. Түүнийг мөнгөн дээр их хатуу хүн гэнэ. МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн Дараа нь  Москва хотод улстөрийн ухаанаар сурчээ. Одонн МАН-ын “арга чаргаа” олсон боловсон хүчнүүдийн нэг. УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдсон. Тэрээр 2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайд байлаа. Хожим нь  2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, 2012 оны сонгуулийн дараа МАН-ын даргаар сонгогдон ажилласан. Түүний өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэгт жилийн орлого нь 13 сая төгрөг  бол гэр бүлийнх нь орлого 120 сая төгрөг гэжээ.

 ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

1970 оны 3 сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Өмнө Гадаад харилцааны сайд хийж байсан  УИХ-д гурван удаа сонгогдон ажиллаж байгаа нэгэн. Г.Занданшатар оюутан байхдаа Орос, Монгол, улмаар Украин, Польш хүртэл явж наймаа хийдэг байжээ. Гуравдугаар дамжааны оюутан байхдаа нэлээд хэмжээний барааг Монгол руу нэвтрүүлэхийг оролдоод хил дээр саатуулагдаж байсан гэсэн. Хил гаалийнхан энэ тухай сургууль руу нь мэдэгдэхэд, онц сурлагатай, үлгэр жишээ оюутан учир аврагдаж үлдсэн гэлцдэг.

Тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгсөөд Зах зээлийн коллеж(ХҮДС)-д багшилж, эхэлсэн түүхтэй. 2000 оноос ХААН банкны дэд захиралаар ажиллаж байсан. 2004, 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2009 онд Гадаад харилцааны сайд, 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, 2016 онд УИХ-д дахин сонгогдоод байгаа нэгэн.

 Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

Тэрбээр 1979 онд Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг Инженер- эдийн засагч мэргэжлээр төгссөн.  Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

Н.Энхболд 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль,1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал гэх мэт албан тушаалаас улс төрийн албанд шилжсэн түүхтэй.

 Төв аймгийн тойргоос УИХ-д хэдэн удаа сонгогдож байгаа Н.Энхболд гишүүнийг сайдын албанд ажиллах тулхтай хүн гэж тодорхойлжээ. 2000 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсноос хойш нийтдээ 5 удаа парламентад сонгогдож ажиллажээ. Түүнчлэн2006 онд Гадаад хэргийн сайд, 2007 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

Булган нутгаас гаралтай тэрээр Зам тээврийн салбарын хүн гэж тодотгон ярьж байна.

1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль
1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ.

Тэр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер мэргэжлээр төгсөөд тээврийн салбарт ажиллаж байжээ. 2000 онд   Авто Тээврийн газрын даргаар, 2007 оноос ЗТАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.  Өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон нэгэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа

Шинэ Засгийн газрын хоёр дахь эмэгтэй сайдаар товлогдоод байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг толгойлохоор болов. Тэрээр 1992 онд Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг багш, түүхч мэргэжлээр төгссөн. 2000 оноос Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга,  2004 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга2008 оноос, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр 2013 оноос ажиллаж байсан. Түүнийг хүүхэд, залуучууд, нийгмийн хөгжлийн асуудалд хувь нэмэр оруулж явсныг нь үнэлж, УИХ-ын гишүүнээр 2016 онд сонгосон түүхтэй.

Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат

2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургуулийг санхүүгийн менежментийн чиглэлээр төгссөн залуу. Ажлын гараагаа Мобиком корпорациас эхэлсэн.

МАН-ын залуу үеийн төлөөлөл болсон тэрээр УИХ гишүүнээр анх удаа сонгогдсон нэгэн. 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын даргаар ажилласан. Дараа нь 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Энэ эрхэм ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр төгссөөд МУИС-д багшилж байв.  2000 оноос Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх,  2003 оноос Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007 онд Түлш эрчим хүчний сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан зэрэг төрийн албаны товчхон түүхтэй.

УИХ-д 2008 оноос хойш гурав дахь удаагаа сонгогдоод байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

Монголчуудын дунд сайн танил болсон улстөрчийн нэг. Тэрээр парламентад 20 гаруй жил сууж байгаа арвин туршлагатай гишүүн. Хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын УИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн.

Хууль зүйн дэд сайдын албыг хашиж байгаад 1992 оноос хойш хууль тогтоох  дээд байгууллагад тасралтгүй сонгогдсон. Эрхэм гишүүн маань энэ хугацаанд Хууль зүй дотоод хэргийн сайдаар хоёр сонгуулийн хугацаанд хавсран ажиллажээ. Мөн  2005-2007 онд УИХ-ын даргаар ажиллахдаа арвин их туршлага, зангараг, зоригийг өөртөө шингээсэн улстөрч юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактораар ажлын гараагаа эхэлсэн. "ММ" агентлагийн захирал болон Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактораар ажиллаж байсан.

Түүнийг анх МАН-ын ажилд оролцооч гэж генсек байсан У.Хүрэлсүх санал тавьж байжээ. Харин дараа нь намын дарга байсан С.Батболдтой уулзаж энэ намд орох шийдвэрээ гаргажээ.
Гэхдээ Д.Сарангэрэлийн аав, ээж нь ч МАН-ын улаан батлахтай хүмүүс  юм. 2003 онд ТВ5 Телевизийг үүсгэн байгуулсан. Тэрбээр 2004 онд "ТВ5" телевизийг байгуулсан ч улс төрд хүчин зүтгэхийн тулд захирал биш зөвлөх гэсэн статустай явдаг. 

2004-2005 Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2011 оноос МАН-ын нарийн бичгийн дарга, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэрээр "Монцам"э-гийн гэрэл зургийн газар өнгөт ба хар зургийн фотолаборантаар ажиллаж байжээ. Олон түмэн Д.Сарангэрэлийг МАН-ын эмэгтэйчүүдээс Д.Оюунхоролтой харьцуулж хардаг хүн олон бий. Тэднийг нэгэн хурал дээр хоорондоо муудалцаж, нэг рүүгээ салаавч гаргасан гэх шуугиан дэгдэж байсан удаатай. Тэрбээр ажлаа амжуулах гэж  байнга л ийш, тийшээ гүйдэг болохоор “Шогшоо Сараа” гэсэн хочтой. Гэвч түүнд ашиг сонирхлын зөрчил ихтэй, тохиролцоо, наймаандаа сайн хэмээн түүний талаар сонсож, мэдсэн, нэг бол таньж, мэдэх хүмүүс ярилцдаг.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

Өвөрхангай аймгаар овоглодог.2007 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 2010 Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын даргаар 7 жил ажилласан. 2012 УИХ-ын гишүүнээр сонгогдож, Нийслэлийн МАН-ын Сонгинохайрхан дүүргийн намын хороон даргаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-д дахин сонгогдсон.   УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд Сонгинохайран дүүргээс сонгогдсон төдийгүй тойрогтоо нэлээд зүйлийг хийсэн хэмээн тойргийн иргэд магтдаг.  Тэрээр газрын наймаа, авилга хээл хахуульд нэр холбогдоогүй улс төрч хэмээн намын нөхөд нь түүнийг үнэлж байна.

 Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1994 онд улс төр судлалын мэргэжлээр төгссөн. Тэрээр Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташегаар ажлын гараагаа эхэлжээ.

Дипломатч мэргэжилтэй Д.Цогтбаатарыг БОАЖ-ын сайдаар ажиллаж эхэлсэн тэр цагаас эхлээд олон нийт түүнийг мэддэг болсон.  Түүнийг өндөр боловсролтой, хэлний мэдлэг сайтай хэмээн үнэлдэг. Тиймээссалбарын дипломатчаа Гадаад харилцааны сайдаар томилох саналыг дэвшүүлжээ. Д.Цогтбаатар нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. Төрийн албанд 22 жил ажиллаж буй тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн Үндэсний их сургуулийг төгссөн. 

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр 2000 оноос ажиллаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга  болон 2011 онд  Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.  2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,  2014 онд Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад  С.Чинзориг томилохоор төлөвлөжээ. Түүний хувьд Монгол улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан. Өмнө нь тус яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай.

Салбараа мэддэг хүн хэмээн намынхан тодорхойлсон байна.  Өвөрхангайн С.Чинзориг гэхээр иргэд сайн таних байх. Тэр энэ нутгаас УИХ-д хоёронтоо сонгогдоод байгаа юм. МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр Өвөрхангай аймгийн ИХТ-ийн даргаар ажиллаж байгаад 2000 оноос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдож 8 жил ажилласан, үндсэндээ энэ салбарын уугуул хүн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга болон Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад  2014 Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар томилогдож байв. 2016 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон.   

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль төгсөж, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн туршлагатай улс төрчдийн нэг. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2008 оноос хойш 9 жил УИХ-д ажиллаж байгаа. Өмнө УИХ-ын төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Өмнөх парламентын үед тэр Хөвсгөл нутагтаа бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдож байв. 2000 оноос хойш Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын даргаар 5 жил ажиллаж байсан. Харин 2005 оноос БСШУЯ-ны Санхүү эдийн засгийн газрын дарга,  Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөхөөр ажилласан. Тэр 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр нийтдээ 3 удаа сонгогдож, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

Анх удаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүн. Өмнө нь  Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажиллаж байсан.  Тэрээр энэ салбарыг мэддэг учраас түүнд итгэл хүлээлгэжээ.

УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдож байгаа ч давхар дээл өмсөхөөр болж байх шиг. Түүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан гэдгээр хүмүүс мэддэг. Мөнөөх Банхарын алдарт хөшөө түүний нэртэй холбогдон яригддаг. Тэр 1987 онд Чехословак улсын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг эсгүүрчин, зохион бүтээгч мэргэжлээр, хожим нь ХААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Өмнөх парламентын үед хэсэгхэн хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн дэд  сайдаар ажиллаж байв.  

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

Энэ эрхэм илүү дутуу зангүй. МУИС-ийг автын инженер мэргэжлээр төгсч тээврийн байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байсан. 2000 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр анх сонгогдож байлаа.  Монгол Улсын гавьяат эдийн засагч. 2014 оноос Аж үйлдвэрийн яамны дэд сайдаар ажиллаж туршлагатай нэгэн. 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Одоо Монгол барилга, хот байгуулалтын салбарыг удирдахаар сайдын суудалд нэр нь дэвшсэн.  

 Б.Баярмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)