Модель М.Намуунцэцэг олны танил байхаас залхаагүй...

“Монгол модель” агентлагийн  загвар өмсөгч М.Намуунцэцэг “Гоёо” брэндийн нүүр царай болсноосоо илүүтэй “Хар сувдны нууц” уран сайхны кинонд тоглосноороо олны танил болсон.

Үүнийхээ дараа “...Олны танил байх түвэгтэй санагдаж байна” хэмээн ярилцлага өгч, хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж байсан удаатай. Харин тус ярилцлагыг сайтар нягталбал биеэ тоосондоо ч бус янз бүрийн хүмүүстэй нэр холбон бичсэн нь хэцүү, дарамттай санагдаж байгаа гэдгээ л шударга хэлсэн байв.

Олны хараанд өртсөн сайхан бүсгүйчүүдийг эгээ л татвар эм мэт олзлон шүүрдэг Ц.Мянганбаяр түүнийг шохоорхсоныг эгдүүцсэн залуус М.Намуунцэцэгийг хамгаалах нийгэмлэг хүртэл байгуулсан гэлцдэг. Харин нөхөр хүүхэдтэй  М.Намуунцэцэг тэр хүнийг ойроос ч харж үзээгүй гэжээ.

“Хар сувдны нууц”-аар урлагт хөл тавьсан бүсгүйн удаах уран бүтээл бол жүжигчин Д.Дэлгэрсайханы найруулсан "Лизинг" кино юм. 

Харин М.Намуунцэцэг өдгөө бүжгээр холбогдсон залуус хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө үнэ цэнэтэй ялалт, ухаарлыг олж авч байгаа тухай өгүүлэх “Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны гол дүрд тогложээ. Тоглох тоглохдоо ягаан үстэй DJ охины дүрд тоглосон аж. Дүрээ гаргахын тулд морин хуур хүртэл тоглож сурсан нь түүнд ихэд таалагдаж үргэлжлүүлэн сурах гэнэ.

“Оранж энтертайнмент” болон “Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл энэ сарын 28-наас эхлэн бүх кино театруудад гарч эхлэхэд бэлэн болоод байна. Эл кинонд бүжигчин Т.Саруултөгс буюу Төөгөө, хунтайж хэмээгдэх Ч.Цэнгүүн, Б.Батмаа нар тогложээ.

Сонирхуулахад “Хар сувдны нууц”-ын пробонд шалгуулах тухайгаа М.Намуунцэцэг

“Их санаандгүй байдлаар л кинонд тоглочихсон. Танил залуу маань гэнэт л намайг нэг юманд шалгуулаач гэж дуудаад очтол баахан жүжигчид суучихсан байсан. Тэгсэн Насаа эгч маань намайг шалгаад “Тэнцэж байна. Одоо зохиолоо унш” гэж хэлсэн. Би бүр гайхаад тэгтэл кино пробонд шалгуулсан юм билээ л дээ. Тэгээд л 14 хоногийн дараа Вьетнам руу зураг авалтанд явсан” хэмээн ярьжээ. 

У.Маргад

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)