Иргэдийн 30-40 хувь нь ломбарданд эд зүйлээ барьцаалж, зээл авсан барьцаагаа алддаг

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид буюу ломбардны бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт Нийслэлийн Иргэний танхимд аравдугаар сарын 11-ний өдөр боллоо. 

Ломбардууд ХУЛГАЙН гэмт хэргийг өөгшүүлж байгаа тул системд нэвтрүүлнэ гэв

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ нь энэ үеэр Монголд үйл ажиллагаагаа явуулдаг 1,100 гаруй ломбардны нэгдсэн стандартыг шинэчлэн сайжруулах гэж байгаа талаар онцлов. Энэ асуудалтай холбоогдуулж, төрийн холбогдох байгууллагууд хамтарч, тус чуулганыг зохион байгуулж байна.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэдэг нь иргэдийн чаралтай эдийн засгийн асуудлаа шийдэхэд хамгийн ойр, хурдан шуурхай, гомдол чирэгдэл багатай санхүүгийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэгч бичил зээлийн төгс хэлбэр гэж тодорхойлжээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Даваажав чуулганы индрээс ярихдаа "Улсын хэмжээний болон Улаанбаатар хотын гэмт хэргийн статистикийг харвал хулгайн гэмт хэргийн эзлэх тоо нь их байна. Нийслэл хотод гэмт хэргийг бууруулъя гэвэл хулгайн гэмт хэргийг бууруулах шаардлагатай байна. Хулгайн гэмт хэргийн  дотор зарим ломбардууд хулгайн замаар олж авсан эд зүйлсийг зарж борлуулах боломжийг олгож байгааг анхаарахгүй бол даварч байна. Хулгайн гэмт хэргийг бууруулах арга бол хулгайн эд зүйлийг худалдаж авдаг зах зээлийг хааж, ломбардуудыг систем, сүлжээнд бүртгэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Үүнд, хулгайн гэмт хэргийг худалдаж авдаг ченжүүдийн асуудал хөндөгдөх ёстой.

Түүнчлэн ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс бий. Эдгээр ломбардууд нь хулгайн эд зүйлсийг борлуулах, хулгайч нарыг санхүүжүүлэх зах зээл болжээ. Гэхдээ шударгаар үйл ажиллагаа явуулдаг ломбард байгаа нь мэдээж.  Би хулгайн хэрэг мөрдөж байсан хүний хувьд ломбардуудад хулгайн эд зүйлс очиж байгааг тогтоосон юм.  Манай улсад хоногт дундажаар 5-6 телевиз, гар утас, мөнгөн аяга, үнэт зүйл, нөүтбүүк зэрэг алдагддаг. Энэ нь ломбардны барьцаалдаг эд зүйлтэй тохирч байна." хэмээн илтгэсэн юм.

2003 онд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар  MNS5274 гэсэн стандарт батлагдсан ажээ. Энэ стандартыг өөрчилж, шинэчлэн мөрдөх зайлшгүй шаардлага тулгарч байгааг бодит үйл явдлууд нотлоод байгааг энэ үеэр мөн тодотгон хэллээ.

Түүний ярьснаар Монголд жилдээ 30 гаруй тэрбум төгрөгийн бараа эргэлт ямар ч хяналтгүй ломбардын үйлчилгээнд байгаагаас 8 орчим тэрбум төгрөг нь хулгайн эд зүйл байгаа аж.

Энэ үеэр Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Эрхэмбаатараас ломбардууд иргэний барьцаанд тавьж байгаа эд зүйлсийн аль нь хулгай вэ гэдгийг мэдэх аргагүй шүү дээ. Ийм тохиолдолд ломбардын үйлчилгээнд яаж хяналт тавих гэж байна вэ? хэмээн тодруулахад “Монголд нэг компани гэхэд ломбардны 40-50 салбартай байна. Зах зээлийн хүрээ өргөжих тусам нийгэмд гарч буй сөрөг үр дагаврууд нэмэгдэж байна. Бидэнд ирсэн мэдээллээр иргэдийг хохироосон тохиолдол их бий.

Тиймээс манай холбооноос цагдаагийн байгууллагын дэмжлэгтэйгээр нэгдсэн бүртгэлийн системийг бий болгож байгаа. Энэ систем нь хулгайн эд зүйлсийг санаатай, санамсаргүй барьцаалах, дамжуулах, борлуулахыг таслан зогсоох зорилготой юм. Өнөөдрийн чуулганаар энэ системийг танилцуулаад, дараа нь ажлын төлөвлөгөө гаргаж, системийг хэрхэн ашиглаж, нэвтрүүлэх талаарх ажил эхэлнэ дээ. Харамсалтай нь манай улсад хууль эрх зүйн хувьд учир дутагдалтай байна. Манай  иргэдийн 30-40 хувь нь ломбарданд эд зүйлээ барьцаалж, зээл авсан барьцаагаа алддаг. Гэвч бид олон улсын жишээнээс туршлага солилцож, богино хугацаанд иргэдэд санхүүгийн түргэн тусламж үзүүлдэг салбар байх ёстой. Бусад орнуудад ч ийм жишээ бий. "гэж хариулав.

Одоогийн байдлаар манай улсын хуулинд ломбард байгуулах гэж байгаа иргэдэд тавигдах шаардлага, дүрмийн сангийн доод хэмжээ байдаггүй ажээ. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос ломбардуудыг хянах эрх, үүргийг аль нэг хуулинд нарийн тусгаагүй юм байна. Гэвч хулгайн эд зүйлс Эрүүгийн тухай хуулиараа зохицуулдаг гэнэ. 

Ийнхүү ломбардын үйл ажиллагаа эрхлэгчид барьцаалсан эд зүйлсийн зээлийн хүүг дураараа нэмэгдүүлэх, татвараа шударгаар төлөхгүй байх, иргэдэд долоо хоногийн хугацаатай зээл өгч мөнгө хүүлэх, иргэдийн барьцааг зарж борлуулсан бол зөрүү мөнгийг буцаан олгохгүй байх зэрэг шударга бусаар ханддаг байна. Иймэрхүү хууль бус үйл ажиллагаа явуулж орон зай бий болсон байгааг чуулганы үеэр шүүмжилж, үүнийг өөгшүүлэхгүй, зохицуулна гэж мэдэгдлээ.

Б.Баярмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)