Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар дундаас нь зувчуулсан байж магадгүй гэв

 
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс аравдугаар сарын 11-ний өдөр мэдээлэл хийхдээ 28 төрлийн гомдол, мэдээлэл ирсэн гэж онцоллоо.
 
Г.Баасан даргын хэлэхдээ “УБТЗ ХНН-тэй холбоотой ирсэн олон гомдлын тоонд Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийг унаагаар хангадаг  тухайасуудал хөндөгдсөн. Б.Цогтгэрэл дэд сайд УБТЗ-аас машин унаж, шатахуунаа хийлгэдэг нь Ашиг сонирхлын тухай хуулийн хоёр заалтыг зөрчөөд байгаа үйлдэл болсон.  Манай олон нийтийн зөвлөлөөс  АТГ-т энэ асуудлыг мэдэгдэж, ашиг сонирхлын зөрчлийг зогсоох хүсэлтээ өгсөн  байгаа” хэмээн тодотгосон юм.
 
 
Мөн тус газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэнгийн ярьснаар эдгээр гомдлын дотор УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт бүхий гомдол ирсэн ажээ.
 
Энэ үеэр тэрээр ярихдаа "УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авахдаа Английн компаниар зуучлагч хийлгэжээ. Гэхдээ машиныг хоёр дахин өндөр үнээр худалдан авсан байж болзошгүй сэжиг байгаа юм. Энэ машины талаар үйлдвэрлэгч компани 60 сая рублийн үнэтэй гэдгийг  мэдэгдсэн.
 
 
Гэвч Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авсан байгаа юм. Оросын үйлдвэрээс Орос-Монголын хамтарсан УБТЗ-д машин худалдан авахад зуучлагч шаардлагагүй, гэрээ хийгээд авах боломжтой байдаг. Гэтэл Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг дундаас нь зувчуулсан байж магадгүй. Иймээс бид энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар хүсэлтээ гаргасан" гэж мэдэгдлээ.
 
Б.Баярмаа
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)