Ц.ХОСБАЯР: ШАВЬ НАР МААНЬ АМЖИЛТ ГАРГАЖ, АМЬДРАЛД ХӨЛӨӨ ОЛВОЛ Л БИД ХОЁРЫН ХУВЬД ДЭЭД ЗЭРГИЙН ШАГНАЛ ЮМ

Францын нийслэл Парис хотод болж өнгөрсөн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д өөрийн унаган шавь ОУХМ Пүрэвдоржийн Орхоныг дэвжээнд хөтлөн гарч дэлхийн аваргын алтан шар медалийг эх орондоо авч ирсэн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяртай уулзаж ярилцлаа. “Алдар” спорт хороогоор овоглогддог гавьяат маань дэлхийн аваргын дараа залгуулаад л ажилдаа орж хүүхдүүдтэйгээ ажиллаж эхлээд байгаа ч өчигдөр амарч байхад нь утас цохин уулзаж доорхи ярилцлагыг хийсэн юм.

-За гавьяат том амжилтын дараа хэсэгхэн амарч байна уу. Парисаас хэзээ ирэв. Замдаа олон дамжиж, урт зам туулж ирсэн нь тодорхой?

-Их урт зам туулж, дэлхийн аваргад оролцсоноосоо илүү шахуу ачаалал туулж, бага зэрэг ядарч ирлээ дээ. Галт тэргээр, ганган онгоцоор, адаг сүүлд нь автомашинаар сэгсчүүлж явсаар арай л морин тэргэн дээр дайгдалгүйхэн шиг гэрийн бараа харлаа даа. Мөн ч хол зам юмаа.

-Хэдүүлээ явсан бэ. Шавь нар бөхчүүд нь тусдаа ирэх шиг болсон?    

-Тэгсэн. Монголоос О.Пүрэвбаатар гавьяат бид нар хамт явсан л даа. Буцахдаа манай ивээн тэтгэгч “Батсол” компанийн Ерөнхий захирал Батсайхан бид гурав Парис, Москва, Иркутск, Улаан-Үд, Наушк, Алтанбулаг гээд бүх л унааг дамжсаар ирсэн. Улаан-Үдээс эхлээд машиндаж өгсөн. Наушкаас нэг хүний унаанд дайгдсан.

-Шинэ аварга маань харин ядралгүй шиг ирсэн байх даа?

-П.Орхон маань бусад тамирчидтайгаа хамт түрүүлээд явсан. Тэд нар маань гайгүй шиг яваад ирсэн байна лээ. Эрхгүй Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид байна даа. Багш нар шигээ арай ч хүний машинд дайгдаж болохгүй л дээ.

-Ц.Хосбаяр гавьяат Монголын чөлөөт бөхөд хоёр сайхан дэлхийн аварга төрүүлж өглөө. Тэр хоёр нь хоёулаа 79 дүгээр сургуулийн нэг ангид сурч төгссөн нь бас л сонирхолтой шүү?  

-Тийм шүү. С.Цэрэнчимэд, П.Орхон хоёр маань Шар хадны эцэст байдаг 79 дүгээр сургуулийг нэг ангид сурч төгссөн. Тэр талаар түүх ярьвал их юм бий. Манай Цэрэнчимэд чинь сургуулиасаа гараад Биеийн тамирын дунд сургуульд орсон юм. Тэгсэн чинь биеийн тамирын дунд сургууль нь “Алдар”-ын нэрийн өмнөөс барилдуулахгүй гээд дахиад гарчихсан. Тэр үед нь П.Орхон маань “Манай ангийн багш спортод элэгтэй их сайн хүн байгаа” гээд Цэрэнчимэдээ дагуулаад очсон байдаг. Энэ хоёр чинь ой хэдхэн сарын зөрүүтэй хоёр л доо. П.Орхон нь арай эгч гэсэндээ Цэрэнчимэдээ дэргэдээ авахгүй юу. 79 дүгээр сургуулийг Бээжингийн олимпийн аварга Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, олимп дэлхийн мөнгөтэй Н.Төгсцогт гавьяат нар төгссөн л дөө. Тэгээд ийм спортын агуу замналтай сургуулийг төгссөн хоёр байгаа юм. Н.Төгсцогт чинь манай “Алдар”-ын Гантулга багшийн шавь л даа. П.Орхон, С.Цэрэнчимэд хоёр маань нэг нь 12-той, нөгөөх нь 14-тэй л над дээр ирсэн миний хүүхдүүд шүү дээ. Би ч төдийгөөс өдий хүртэл аавынх нь оронд аав болчих юмсан гэж зүтгэсээр байгаад ямар ч гэсэн хоёуланг нь дэлхийн аварга болгочихлоо доо. Одоо энэ хоёр чинь миний шавь нар биш, дэлхийн бөхчүүд болчихлоо шүү дээ.

-П.Орхон, С.Цэрэнчимэд хоёрын маань барилдаан тус тусдаа онцлогтой байх. П.Орхоны хувьд төрөлхийн бөхийн авьяастайгаас гадна хоёр гартаа их бяртай юм билээ? 

-Тийм шүү. Энэ хоёрын барилдаан тус тусдаа их онцлог. Цэрэнчимэд маань бөхийн ухвьд их хурдтай, техниктэй. Жаахан бяр муутай бөх ер нь л хурд техникээр илүүрхэж барилддаг л даа. Түүний жишээ нь би байна. Би ид барилдаж байхдаа жингийнхэн дотроо бярдуулчих гээд байдаг байсан. Түүнийгээ хурд, техникээр л нөхдөг байлаа шүү дээ. Харин П.Орхоны хувьд хурд техникээс гадна жингийнхэн дундаа бяртайд орно. Одоо бол ер нь дэлхийд 63 кг-д дийлэх хүнгүй болчихлоо л доо. Бөх хүнд байх ёстой бүх сайн шинж манай П.Орхонд цогцолсон. Ямар ч гэсэн 2020 оны Токиогийн олимпод ид насан дээрээ л барилдана даа. Саяхан Япончууд зөвхөн манай Орхонд зориулан хоёр гурван бөх бэлдэж эхлээд байгаа талаар сонсогдсон. Тэд нар ч айхтар тооцоотой хүмүүс, нэг юм бодож бэлдэж байгаа нь тодорхой л доо.

-Одоо ер нь манай П.Орхонтой хамгийн ойрхон өрсөлдөх бөх хаанахын ямар бөх байгаа бол. Өөрөө мэдээж тооцоо хийж л байгаа даа?

-Сая ялагддаг тэр Нигерийн бөх л ганц хоёр жилдээ ойрхон өрсөлдөж магадгүй. Өөр ч бөх байхгүй дээ. Сая Украйны дэлхийн аварга Юлия Ткач Остапчукыг хэрхэн илүүрхэж ялсныг Монголчууд байтугай дэлхий харсан. Би багшийн хувьд онгироход манай Орхон одоо хэсэгтээ дийлдэхгүй ээ. Хоёр шууны бяр бол эмэгтэй хүүхэд гэхэд онцгой шүү дээ.

-Харин тэр Япончууд зөвхөн П.Орхонд зориулан бэлтгэж байгаа бөхчүүдийн сураг чинь л эвгүй юм даа?   

-Тийм. Япончууд мэдээж ухаантай, мөнгөтэй баян улс эвгүй л дээ. Ер нь Япончуудыг цаг үргэлж судалж, болгоомжилж байх хэрэгтэй л дээ. Мэдээж 2020 оны олимпод жүдо чөлөөт бөхийн бүх жинд л аваргалах гэж үзнэ шүү дээ. Бид ч энэ талаар байнгын тооцоотой, хариу бэлтгэлтэй байх ёстой юм. ОХУ-аас Тражук гээд ганц хоёр бөх бий. Бид нар тэднийг өшөө илүү судална, өшөө их ажиллана л даа. Яагаад гэвэл манай “Алдар”, “Аварга академи” дээр Орхоны бэлтгэлийг тасалдуулахгүй базаагаад өгөх олон сайн бөх байна. Тэгэхээр бид ОХУ, Украйн, Болгар зэргийг нэг их тоохгүй, тооцооноос хасах маягтай байгаа. Харин Япончуудын тухайд үргэлж давхар мэхтэй, бэлтгэлтэй байх учиртай. Урьд нь Украйны Ткачаас бэргэдэг байсан бол одоо 29 хүрчихсэн түүнээс огт айж бэргэхээ больсон. Харин сая финалын барилдааны төгсгөлд манай Орхон давуулж шидэж өөрөө оноо алдсан нь илүү зүйл болсон. Тэр талаар бид хоёр сайн ярилцаж дахиж тийм гоомой зүйл хийхгүй гэж тохиролцсон.

-Нээрээ сүүлийн тэр өөр дээгүүрээ давуулж шиддэг нь тун осолтой, дэндүү зориг гаргасан мэх байсан шүү?

-Харин тийм. Тэр талаар бид хоёр нухацтай ярилцсан. Уг нь 6:1-ээр хожих байсан юм. Уг нь урагш нь түрээд л унагачих байсан юмыг их эрсдэлтэй болгож өөрөө ч хоёр оноо алдчихаж байгаа юм. Орхон маань Риод ОХУ-ын бөхийг хожвол хожихоор барилдаан хийсэн. Эхлээд ард нь гараад яг саяынх шиг арагш нь шидсэн байхгүй юу. Тэр мэхэнд нь шүүгч нар хариу мэх хийсэн гээд ОХУ-ын бөхөд 4 оноо өгчихсөн. Би эсэргүүцэж юмаа шидсэн. Тэгсэн чинь шүүгчийн зөв гээд ОХУ-ын бөхөд дахин нэг оноо өгч 5:0 болчихсон. Тэгэнгүүт Орхон маань сандарч барилдаад дахин хоёр оноо алдаж 7:0 болчихсон. Яг мэргэжлийн хүний нүдээр харахад манай Орхон хамаагүй илүү байсан ч ялалт ОХУ-ын бөхөд очсон. Сая яг Риод барилдсан шигээ арагш нь авч шидээд хоёр хоёр оноо авч 6:3-аар дууссан. Барилдаан дууссаны дараа Цогоо бид гурав далбаагаа бариад дэвжээ тойрох үед би “Чи Риогийн нэгдүгээр тойрогт гаргасан алдаагаа сая давтлаа шүү. Дахиж би ийм эрсдэлтэй мэх хармааргүй байна шүү” гэдгээ хэлж бид хоёр тохиролцсон байгаа. Манай хүн ч учиргүй инээж “Багшаа би дахиж тийм алдаа гаргахгүй ээ” л гэсэн. Манай хүн ер нь нэг гаргасан алдаагаа нэг их давтаад байдаггүй л дээ. Би ч дахиж тийм эрсдэлтэй барилдаан үзэхгүй байх. Манай “Алдар”-т гэхэд Мандахнаран гавьяат маань нэг гаргасан алдаагаа ердөө давтдаггүй. Яагаад гэвэл Цогоо бид хоёр яг барилдаан дуусч тайвширсных нь дараа бүх алдааг нь маш сайн хэлж өгдөг. Шавь нар маань ч их анхааралтай сонсож дараагийнхаа барилдаанд тэр алдаагаа огт гаргадаггүй. Өнөөдөр манай Орхоны гарын ажиллагааг дийлэх бөх дэлхийд байхгүй.

-Тэр Нигерийн бөх их эвгүй нөхөр байна лээ шүү?

-Бид түүнийг тооцоонд огт оруулаагүй байсан чинь бас эвгүй л нөхөр байна лээ. Гэхдээ бид түүнд их баярлаж байгаа. Манай хүнд бас багагүй цочроо өгсөн л дөө.

-Танай дүү Ц.Цогтбаяр гавьяат Орхон алт авсны дараа “Бид Парист энэ медалийн төлөө л ирсэн” гэж их гоё үг хэлсэн шүү? 

-Цогоо маань ёстой бор зүрхээрээ бүх зардлаа хувиасаа гаргаад Парис явсан юм шүү дээ. Харин миний зардлыг Батлан хамгаалах яам бүтэн даасан. Мөн “Батсол” компанийн захирал Батсайхан, Пүрэвбаатар гавьяат нар маань хувиараа зардлаа гаргаж явсан. “Алдар” спорт хороо “Аваргууд академи”-ийнхан маань ч Орхоныгоо дэлхийн аварга болгох гэж л бөөндөө зардал гаргаад явцгаасан. Тэгээд ч үүргээ нэр төртэй биелүүлцгээлээ.

-“Алдар” спорт хороо, Г.Өсөхбаяр аварга маань ч нэлээн сэтгэл гарган хөөцөлдөж зардал мөнгө бүтээсэн байх даа?   

-Тэгэлгүй яах вэ. Г.Өсөхбаяр аварга маань өөрөө бөх хүний зовлонг ойлгохын дээдээр ойлгодог болохоор үнэхээр сэтгэл гарган хөөцөлдсөн. Би бүр зориуд “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяр аваргадаа баярлаж талархсанаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна. Миний зардал гэхэд л дөрвөн сая гаруй төгрөг болсон. Үүнийг Г.Өсөхбаяр аварга маань хөөцөлдсөөр байж бүтээж өгсөн. Намайг гаргаж өгөхдөө Г.Өсөхбаяр аварга маань “Та Парисаас заавал аваргатай ирээрэй” гэсэн. Бид ч даргынхаа, аваргынхаа итгэлийг алдалгүй аваргатай ирлээ. Сайхан байна аа.

-Парисаас ирээд “Алдар”-ынхантайгаа уулзаж амжсан уу?

-Уулзалгүй яах вэ. Бидэнд бүгдээрэнд нь баяр хүргэж уулзалдсан. Одоо “Алдар” спорт хороо, Батлан хамгаалах яам, Жанжин штабын өмнө энэ сарын 8-9-нд болох Зүүн Азийн армиудын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулах их чухал зорилт байгаа. Энэ нь Нисэхийн шинэ ордонд болно л доо. Одоо зарлал нь яваад эхэлсэн байгаа. Энэ тэмцээний дараа биднийг албан ёсоор хүлээж авна гэдгээ Батлан хамгаалах яам, Жанжин штабын удирдлагууд мэдэгдсэн.

-Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр гавьяатууд явахдаа их итгэлтэй “Алдар чадна аа” гэж хэлж яваад хэлсэндээ хүрсэн шүү?

 -Тийм ээ бид чадсан. Манай Алдарынхан “Бид чадна, Алдар мандуулна аа” гэж л хэлдэг. Хэлсэндээ ч хүрдэг.

-Харин П.Орхоны маань найз залуу ОУХМ Н.Лхамгармаагийн бэлтгэл сайн ханаагүй байв уу, яагаад сайн барилдаж чадсангүй вэ?     

-Уг нь сугалаа их боломжийн таарсан юм. Үйтүмэн, Мандахнаран Бэхбаяр дээр ч сугалаа боломжийн байсан. Хамгийн гол нь Монголын эрэгтэй багийн бэлтгэл үнэхээр тааруухан байсан юм. Эмэгтэй ч ялгаагүй тааруухан бэлтгэлтэй оролцсон. Тухайлбал Шоовдор хожих байсан уу хожих л байсан. Насанбурмаа гавьяат ч ялгаагүй хожих л байсан. Хамгийн гол нь бэлтгэлийнхээ төлөвлөгөөг өөрсдөө ч мэддэггүй, өглөө нь босоод л “За өнөөдөр ямар бэлтгэл хийлгэдэг юм билээ” гээд сууцгааж байснаас л бөхчүүд тийм тааруухан амжилттай оролцсон. Нэг жишээ хэлэхэд Пүрэвбаатар бид хоёр “Ооско өнөөдөр Хасу мегаватт дээр очоод заалны бэлтгэл хийчих. Ах нь ажилтай болчихлоо гэхэд Пүрэвбаатар урдаас “Хосоо ахаа өнөөдөр хөл бөмбөгийн бэлтгэлтэй гэнэ ээ” гэж утсаар ярилцаж байгаа юм. Тэгээд би орой нь давхиж очоод Ууганбаяр багшаас “За орой ямар бэлтгэл хийх гэж байна” гэсэн чинь “Дэвжээ” гэж байгаа юм. Тэгэхээр нь “Маргааш ямар бэлтгэлтэй юм” гэсэн чинь Ууганбаяр нь “Дэвжээний бэлтгэл” гэтэл нөгөө багш нь “Маргааш амарна” гэж байгаа юм. Ийм л хачин бэлтгэл хийсэн болоод Парис руу явцгаасан. Тэгээд яав бөхчүүд л хохироод дуусч байгаа юм. Ийм эв нэгдэлгүй, нэгдсэн төлөвлөгөөгүй байхад яаж амжилт гарах вэ дээ. Өвөрхангайн бэлтгэл дээр Америкаас нэг багшийг 69 сая төгрөгөөр авч ирсэн гэж байгаа юм. Өвөрхангайн бэлтгэл бол үнэхээр утгагүй болсон. Хагас сайн бүтэн сайнд амраана гэхээр нь “Аваргууд академи”-ийн бид “Ийм нэгдсэн төлөвлөгөөгүй, эв нэгдэлгүй газар бэлтгэл хийхгүй, хүүхдүүдээ аваад буцлаа” гэж хэлээд л буцацгаасан.

-Урьд нь байсан Пүрэвбаатар, Цогбаяр, “Балкан Баяраа” Энхбаяр дөрвөн дасгалжуулагч үнэхээр зангидсан гар шиг ажиллаж байсан шүү?

-Тэгэлгүй яах вэ. Тэр дөрөв бол үнэхээр гар нийлэн ажиллаж бөхчүүдийн амжилт үнэхээр сайн байсан юм. Одоо бол Цэдэнсодном, Баттулга, Ууганбаяр, Батзориг, Дарханы Баярсайхан нар ямар ч эв нэгдэлгүй, нэгдсэн төлөвлөгөөгүй урсгалаараа яваад байгаагаас болж бөхчүүдийн амжилт нойл заачихлаа.

-Монголын чөлөөт бөхийн холбоо яагаад дандаа хэл амтай, хэрүүл шуугиантай байдаг юм бол. Хэл амаа ололцож болдоггүй л юм байх даа? 

-“Ам нээхээр уушиг нээ” гэж үг байдаг. Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбоо гэдэг байгууллага үнэхээр байгаад ч хэрэггүй болчихоод байна. Би сая Францад П.Орхоныг түрүүлсэн орой Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болд гавьяатын төрсөн дүү Б.Батбаяртай уулзаад “Батбаяр аа чи Францад үхсэн элийгээ хийж яваа юм бэ. Чи өнөөдөр бүх хөрөнгө мөнгийг атгаж байгаа хүн. Өсвөрийн дэлхийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга гээд 3 дэлхийн аваргын өмнө чи Тайландад хүүхдүүдэд юм заана гээд тэнэгтээд явж байсан. Чи чөлөөт бөхийн талаар А ч үгүй, юу ч мэдэхгүй шүү дээ. Чи дасгалжуулагч биш байж, чөлөөт бөхийн холбооны мөнгөөр үхсэнээ хийж Тайландад арван хэд хоног зугаалсан юм бэ” гэж хэлсэн. Өнөөдөр өсвөрийн дэлхийн аваргад явах 5-6 багийн хүүхдүүд Баянхонгор аймагт хувиараа зардлаа гаргаад цугларалтад гарсан. Тэд Азийн аваргад амжилттай оролцсон. Дараа нь дэлхийн аваргад явахад Сэлэнгийн Засаг дарга Ш.Оргил, спорт хорооных нь дарга Баттулга нар үнэхээр сэтгэл гарган хувиасаа хөрөнгө мөнгө гаргаж цугларалтад гаргасан. Тэгэхэд Монголын чөлөөт бөхийн холбоо хаана байсан юм. Тэдгээр хүүхдүүд өнөөдрөөс Грекэд өсвөрийн дэлхийн аваргад барилдаж эхэлсэн байгаа. Залуучуудын дэлхийн аваргаар гуравхан медаль авсны хоёрыг “Хасу мегаватт” клубын захирал Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш ахын хувиасаа зардал мөнгө гаргаж бэлтгэл хийлгэсэн хүүхдүүд авсан. Нэг нь манай “Алдар”-ын Б.Болор-Эрдэнэ эмэгтэй 53 кг-д медаль авчирсан. Энэ гурван хүүхэд бас л хувиасаа зардал гарган бэлтгэл хийсэн. Тэгэхэд Б.Батбаяр Тайландад шал худлаа арван хэд хоног аялж зугаалаад янз бүрийн юм хийгээд явж байгаа юм. Ийм байж болох уу. Бид нар иймэрхүү юмны эсрэг л тэмцээд байгаа юм. Жинхэнэ ажлаа хийдэг манай Цогоо, Б.Баяраа нар шиг дасгалжуулагч нар нь бүтэн жил хагасаар эрхээ хасуулчихаад Б.Батбаяр мэт нь өнөөдөр жаалаад явж байна шүү дээ. Ийм шударга бус явдал Монголын чөлөөт бөхийн холбоонд хачиг шиг наалдчихаад салахгүй байна. Бид үүний эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ.

-Тийм учраас л та бүхэн П.Орхоноо шигшээ багт өгөхгүй байсан юмуу?

-Тэгэж ойлгож болно. Цогоо бид хоёр Орхоноосоо нэг өдөр ч салаагүй. Орхон маань өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс л шигшээ багаас цалин авч эхэлсэн. Тэр нь шалихгүй дээ. 600 мянга гаруй л төгрөг шүү дээ. Тэд нар Орхоныг Азийн аваргад явуулаагүй. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбоонд 17 Удирдах зөвлөлийн гишүүн байдаг.Тэд нар Удирдах зөвлөлийн гишүүний хувьд  жилдээ 20 сая төгрөг өгдөг. Тэр нь нийлээд 340 сая төгрөг болно. Дэд ерөнхийлөгч нь 50 сая төгрөг өгдөг. Ерөнхийлөгч нь Д.Сумьяабазар аварга 100 сая төгрөг өгөх ёстой. Ингэхээр бараг 500 сая төгрөг болж байгаа биз. Гэтэл энэ их мөнгө жинхэнэ тамирчид, дасгалжуулагч нарт очихгүй хэдэн дарга нар нь тансаглаж, дэмий тэнээд дуусгаж байна. Бид нар үүний эсрэг л тэмцээд байгаа юм шүү дээ.

-Сая Парисын тэмцээний дараа Олон улсын чөлөөт бөхийн холбоо бөхчүүдийн барилдах жинг өөрчилсөн байна лээ. Энэ нь манай бөхчүүд ялангуяа П.Орхонд яаж нөлөөлөх бол? 

-Манай бөхчүүдэд харин ч ашигтай тусахаар байгаа. Жишээ нь манай Орхон гэхэд аль ч жинд дахиад аваргалах бүрэн боломжтой. Ер нь Монголын бөхчүүдэд саяын жингийн өөрчлөлт ашигтай тусна.

-С.Цэрэнчимэд гавьяат маань эмэгтэй хүний гол үүргээ гүйцэтгэж ээж болох гэж байгаа юмаа даа?          

-Тийм. Ирэх 11 дүгээр сард ээж болно. Тэгээд жилийн дараа бэлтгэлдээ орно. Цэрэнчимэд маань нас залуу байна. Яагаа ч үгүй байгаа. Дахиад дэлхийд түрүүлнэ.

-Одоо Цогтбаяр гавьяат та хоёр хэдэн хүүхэдтэй үзээд байна?

-“Одоо бид хоёр 180 гаруй шавьтайгаа л ноцолдоод байгаа. Уржигдараас ажилдаа ороод хүүхдүүдтэйгээ бужигналдаж эхэлсэн. Амжилт гаргаад ирэхээр ажлаа хийх урам зориг ч сэргээд ирдэг юм. Бид хоёрын гараас өөр олон дэлхийн аварга төрнө өө. Үүнийг ард түмэндээ ам бардам хэлчихье.

-Одоо хичээллэж байгаа хүүхдүүдээс чинь П.Орхон, С.Цэрэнчимэд гавьяат нар шиг үнэхээрийн авьяастай, ирээдүйд цахиур хагалах шавь нар олон байна уу?

-Байгаа байгаа. Энэ жилийн Залуучуудын дэлхийн аваргаас хүрэл авсан Б.Болор-Эрдэнэ, дэлхийн аварга Сумьяа, Отгонцэцэг нарыг хожсон Отгонжаргал байна. Бас Нямгэрэл гээд нэг хөөрхөн охин бий. Даваанасан гээд бас нэг охин байна. 75-д “Бамбарууш” хочтой Номин-Эрдэнэ гээд охин маань бий. Эрэгтэйгээс Ханбүргэд гээд ундарга үнэхээр сайн байгаа. Бид хоёр бүхнийг өөрсдийн гараар хийж, хүүхдүүдтэйгээ уйгагүй ажилладаг болохоор “Алдар” үргэлж өнгөлж, ялсаар байх болно.

-Өөрөө нэгэнт л “Алдар” спорт хороотой амьдралаа холбож, ийм сайхан амжилт гаргасаар байгаа юм чинь мөрдэс  зүүж цэргийн болж болдоггүй юмуу. Г.Өсөхбаяр аварга тийм санал тавихгүй байна уу?

-Өсөхбаяр аваргаас өмнө “Буурал” Цог-Эрдэнэ хурандаа, Жанжин штабын дэд дарга байсан Ганбат генерал нар маань тийм санал тавихад нь би гэж эргүү татгалзчихсан юм. Намайг “Монгени” цогцолбор сургуулиас ирээд дөнгөж 42-той байхад тэдгээр дарга нар маань тийм санал тавьж байсан юм. Тэр үед нь би гэж тэнэг яагаад ч юм татгалзчихсан. Амьдралдаа гаргасан хамгийн тэнэг шийдвэр тэр л байсан юм даа. Манай Ганбат генерал бол үнэхээр нэг эр хүн шиг, гайхамшигтай дарга байсан юм. Одоо өөр ажил хийж байгаа. Би тэр шийдвэртээ одоо хүртэл харамсаж явдаг. Боксын Гантулга гавьяат багш бид хоёрыг “Та хоёр офицер болоо” гэхэд нь эргүүтээд татгалзаж байлаа шүү дээ. Одоо тэгээд яах вэ Г.Өсөхбаяр аварга маань Цогоо бид хоёрт үнэхээр ач буянаа хайрлаж нөмөр нөөлөг болоод явж байна. Гомдох юм алгаа. Хамгийн гол нь Өсөхбаяр аварга маань нэг тэмцээн дээр Цогоо очиж ёслоод буухад Д.Сумьяабазар, Болд гавьяат эд нар луу хандаж “Та нар энэ нэг хөгийн шийтгэлээ болиоч ээ. Нэг үйлдэл дээр хоёрын хоёр шийтгэл давхцуулж болдог юмуу. Цогтбаярыг ядаж Монголд нь ажиллуулж болдоггүй юмуу. Энэ балай шийтгэлээ болиоч” гэж загнаж байсан. Бидний хувьд Г.Өсөхбаяр аваргадаа талархаад барахгүй. Ач буяныг нь амжилтаар л хариулахаас өөр аргагүй юм даа.

-Одоо гавьяат маань “Алдар” спорт хорооны үндсэн багшийн хувьд хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ дээ. Амьдралд чинь хүрэлцэж байна уу?

-Хүрэлцэж байгаа учраас л өнөөдөр ийм амжилт гаргаад явж байна. Цалин 600 гаргаад л авдаг. Хүүхдүүд маань амжилт гаргахаар шагнал урамшуулал авч байна. Чамлахаар чанга атга гэгчээр амьдрал сайхан байна аа. Бусдын жишгээр сайхан л амьдарч байна. Хань ижил, үр хүүхэд минь миний ажлыг ойлгож дэмжиж байна. Хүнд үүнээс илүү өөр юу хэрэгтэй юм, тийм биз дээ. Үүрээд үхэхгүйгээс хойш овойж оцойсон их хөрөнгө хогшил, эд баялгаар яах вэ дээ, тийм үү. Бөхийн цагаан буян гэдэг үнэхээр сайхан шүү дээ.

-Одоо удахгүй П.Орхон маань төр засгаараа гавьяагаа үнэлүүлэх нь тодорхой. Ээж, эгч дүүстэй нь уулзсан уу. Их л баярлацгааж байх шиг байсан?  

-Миний шавь одоо дэлхийн эмэгтэй чөлөөт бөхийн шинэ од болсон шүү дээ. Манай боксын Ундралбат багш, биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэлийг удирддаг Энхтөр багш нар орой лайв хийсэн. Бид Пүрэвдулам эгч дээр ирээд ийм байна шүү гэж лайв хийсэн. Их баярлаж байна лээ. Утсаар ярьсан. Цогоо бид гурав явахдаа л “Бидэнд ганцхан аваргын алтан медаль л хэрэгтэй” гэж хэлж яваад хэлсэндээ хүрсэн. Ээж нь үнэхээр их баярлаж байгаа. Тэр сайхан энерги нь бидэнд ирж байгаа шүү. Энэ дашрамд “Батсол” компанийн захирал Батсайхан найздаа маш их баярлаж явдгаа дахин дахин илэрхийлмээр байна. Эхнэр нь Солонго гэж маш сайхан сэтгэлтэй бүсгүй бий. Энэ хоёртоо баярлаад барахгүй байна. Тэр хоёр маань 20 гаруй сая төгрөг хувиасаа гаргаж өгч бид нар Польш, Испанийн нээлттэй тэмцээнд очиж түрүүлсэн юм шүү дээ. П.Орхон маань тэр хоёр тэмцээнд тасархай түрүүлээд өөртөө бүрэн итгэлтэй болж сая дэлхийн аваргаар ингэж сайхан түрүүллээ л дээ. Энэ бол хамгийн том дэмжлэг шүү дээ. Монголын чөлөөт бөхийн холбоо гэдэг дампуурсан газар ганц ч төгрөг гаргахгүй байхад миний найз Батсайхан, Солонгоо нар 20 гаруй сая төгрөг гарган өгч өнөөдрийн энэ сайхан амжилт гаргахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм шүү. Ирэх нэг дэх өдөр П.Орхоны маань хувьд нэг их том үйл явдал болно. Манай “Алдар” спорт хороо, “Аваргууд академи”-ийн зүгээс Орхондоо томхон бэлэг бэлдсэнээ нэг дэх өдөр гардуулна. Одоогоор П.Орхон маань мэдээгүй л яваа.

-Ингэхэд энэ  сайхан бөхийг төрүүлэн гаргасан Ц.Хосбаяр гавьяатыг ямар бэлэг, сюрприз хүлээж байгаа бол?         

-Манай Цогоо бид хоёр бэлэг, шагнал урамшууллын төлөө огтхон ч яваагүй. Бид хоёр зөвхөн амжилт гаргахын төлөө, энэ хэдэн хүүхэд маань аз жаргалтай явж, амьдралд зөв хөлөө олвол л бид хоёрын хувьд дээд зэргийн шагнал тэр юм. Г.Мандахнаран маань 18 настай хүүхэд “Алдар”-т юу юу ч үгүй л ирж байсан. Б.Гончигдамба гарьд маань ч 15-хан настай хүүхэд бас л юу ч үгүй ирж байсан. Бөх болно гээд оргоод л ирж байсан. Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Б.Одончимэг маань “Багшаа би жүдогоос чөлөөт рүү оръё” гээд л ирж байсан. Бүгдийг нь бид хоёр сайхан амьдралтай, цолтой болголоо. Гэр бүлтэй, албан тушаалтай болголоо.  

-Илэн далангүй сайхан ярилцлага өгсөнд баярлалаа?

-Чамд ч их баярлалаа. Танай сонины уншигчдад эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Эх сурвалж: Өглөөний сонин
Д.Энхтүвшин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)