Сурагчийн дүрэмт хувцас хэт өндөр үнэтэй байна

анай улс 2012 оноос хойш сурагчийн дүрэмт хувцсаар жигдрэх бодлого барьж буй. Ингэхдээ  40 хувийн ноос, 60 хувийн полистор материалаар  дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг  зах зээлд  нэвтрүүлэх зорилготой. Гэвч жилийн жилд эцэг эхчүүдийн нуруун дээр хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, формыг бэлдэх томоохон ачаа оногддог. Санхүү эдийн засгийн боломж муутай эцэг эхчүүд үнэ хямд хэрнээ чанартай бүтээгдэхүүн сонгохыг эрмэлздэг. Чадвал дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжчихийг бодно.

Энэ жилийн хувьд “Бүтээлч Үйлс”, “Торгон хийц” , “Төмөр Трейд”, “Бат зүү”, “Шилмэл загвар”, “Өүлүн Менч” зэрэг компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхтэй байгаа. Үүний хажуугаар хувиараа сурагчийн дүрэмт хувцас оёдог болон урд хөршөөс сурагчийн форм оруулж ирж худалдаалж байгаа газрууд ч бий. Сурагчийн формын загварыг БСШУСЯ-аас баталж өгсөн. Тиймээс гадуур худалдаалагдаж байгаа формын загварууд ижил. Харин материалын хувьд  оёж байгаа газраасаа хамаараад өөр өөр байгаа юм. Тухайлбал, Япон, Солонгос, Хятад гэх мэт газраас материалаа оруулж ирдэг байна. Материал болон оёдлоосоо шалтгаалан формын үнэ өөр өөр байх аж. Энэ тухай судлахаар “Дүнжингарав” худалдааны төвийг зорьсон юм. “Дүнжингарав” худалдааны төв хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан амралтынхаа өдрөө ч ажиллаж байлаа. Худалдан авагч харьцангуй цөөхөн байсан юм.

“Дүнжингарав” төвд худалдаалагдаж байгаа формын үнэ ханшийг хүргэе.

“Шилмэл Трейд”ХХК-ний борлуулагч  “Манай формны үнэ бусад газруудтай ижилхэн байх. Ер нь нэг загвар, нэг үнэ гэдэг. Хүмүүсийн хандлага янз бүр байна. Зарим нь үнэтэй, зарим нь боломжийн гэх мэт. Манайх 40 хувийн ноос 60 хувийн хөвөн даавуун материалаар формоо хийдэг. Материалаа Японоос оруулж ирнэ. Энэ нь үнэ ханшинд нөлөөлдөг. Худалдаалагдаж буй үнийн хувьд таван жилийн өмнөх үнээрээ зарж байна. Бидэнд худалдаалах үнийг цаанаас нь тогтоогоод өгдөг.  Формын үнэ нэмэгдсэн зүйл огт байхгүй. Харин ч өмнөх жилийнхээс цамц нь 1000 төгрөгөөр буурсан. Эрэгтэй хувцсанд материал их ордог болохоор арай илүү үнэтэй байдаг” гэв.

“Шилмэл Трейд” ХХК-ний формын үнэ /ком/

Бага ангийн форм эрэгтэй 59000 төгрөг, эмэгтэй 81000төгөрөг

Дунд анги эмэгтэй  98000 төгрөг , эрэгтэй 101000төгрөг

Ахлах анги эмэгтэй 123000 төгрөг, эрэгтэй 133 төгрөг

“Бат Зүү” ХХК-ний борлуулагч “Манайх ер нь нэг үнээ л барьдаг. Материалаа урдаас оруулж ирдэг. Форм үйлдвэрлээд 20 гаруй жил болж байгаа. Бусал газруудыг бодвол үнэ хямд. Бага ангийн 1-5-р анги нь эрэгтэй 43900 төгрөг, эмэгтэй нь 39000 төгрөг. Ахлах болон дунд анги ижил 59900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.

“Өүлүн Менч” ХХК-ний борлуулагч “ Худалдаалагдаж байгаа форм  хийц, оёдол, материалаараа л өөр байгаа. Манай компанийн хувьд  материалаа Японоос оруулж ирдэг. Цамц л гэхэд 100 хувь даавуун материалтай. Форм болохоор 70 хувийн даавуу, 30 хувь нь хонины ноосноос бүрддэг. Өмнө нь Солонгос, Турк даавуугаар үйлдвэрлэдэг байсан. Энэ жил туршилтад ороод чанар нь танигдсан Япон даавуугаар үйлдвэрлэж байгаа. Үнэ бол өмнөх жил худалдаалагдаж байсан үнэтэй ижил. Манай формыг бөөсөрдөг гэх яриа гараад байгаа. Энэ нь угаалт болон арчилгаатай холбоотой юм. Хөвөн даавууг зөв угаахгүй бол бөөсөрдөг. Ер нь манайхаас форм худалдаж авсан хүмүүс багадлаа л гэж солиулдаг. Загварын хувьд ч арай илүү” гэлээ.

“Өүлүн Менч” ХХК-ний формын үнэ /ком/

Бага ангийн эрэгтэй нь 81300, эмэгтэй 59500

Дунд анги эмэгтэй 97500, эрэгтэй 100300

Ахлах анги эмэгтэй 123700, эрэгтэй 133700

“Мөнхийн Зүү” ХХК-ний борлуулагч “ Манайх хувийн жижиг оёдлын үйлдвэр. Формын үнийн хувьд бага ангийнх 65000 дунд анги нь 85000, ахлах анги 110000 хүйс харгалзахгүй ижил үнэтэй. Материалаа Солонгосоос оруулж ирдэг. 95 хувь нь даавуу, 5 хувь силкон.  Өмнөх жилийнхээс 5000 төгрөгөөр л нэмэгдсэн байна” гэсэн юм.

“Төмөр Трейд” ХХК-ний борлуулагч “Үнэ өмнөх жилийнхтэй ижил худалдаалагдаж байна. Борлуулалтын хувьд өмнөх жил илүү байсан. Энэ жил арай сул байна. Манайх форм авсан хүүхдүүдээ гарын бэлэг өгч байгаа. Тухайлбал, нэг форм авахад үзэг, дэвтэр, ундаа өгч бэлэглэж байна. Материалаа Японоос татдаг” хэмээлээ.

“Төмөр Трейд” ХХК-ний формын үнэ /ком/

 Бага анги эмэгтэй 59500 төгрөг , эрэгтэй 81400 төгрөг

Дунд анги эмэгтэй 93100 төгрөг , эрэгтэй 96000 төгрөг

Ахлах анги эмэгтэй 117700, эрэгтэй  120700 төгрөг

Форм худалдаалж байгаа ХХК-ний иргэд ийнхүү ярьж байсан юм. Харин худалдан авагч эцэг эхчүүд өөрийг ярьж байлаа. Тэдэнд хамгийн их дарамт болж байгаа зүйл бол формын үнийн зөрүү байсан юм.

Б.Долгор “Би ач нарынхаа нэгд нь л форм авч өгөх санаатай үнийг нь судлаад явж байна. Үнэ янз бүр л байх юм. Арай хямд нь хаана байна гээд хайгаад л байна. Тэнд нэг газар 69000 гэж байхад энд 39000 гэж байна. Манайх чанртай формыг нь авч чадахгүй байгаа. Саяхан урдаас стандартын шаардлага хангаагүй форм орж ирээд хураагдсан гэсэн мэдээлэл сонссон. Муу материалтай форм нь хүүхдийг хөлрөхөөр харшил өгдөг гэсэн. Тиймээс чанартай хэрнээ үнэ хямдтай форм л авч өгөх санаатай байна. Зарим нь хэт үнэтэй байх юм” гэв

С.Дуламрагчаа “Өмнөх жилийнхтэй харьцуулахад цамцны материал ижилхэн байна. Формны материал нь бага зэргийн өөрчлөгдөж. Манай хүүхэд нэгдүгээр сургуульд сурдаг. Сургууль нь цаанаасаа “Өүлүн Менч” ХХК-ний формыг ав гэдэг. Би хоёр хүүхэдтэй. Манай хүүхдүүд нэг формыг нэг жил л өмсдөг. Үнэ хямд дүрэмт хувцаснуудын материал тааруу байдаг. Харин үэнтэй болоод ирэхээрээ чанартай болдог” гэлээ.

Н.Төгс “Би сая “Шилмэл Трейд” ХХК-иас бага ангийн хүүхдийн эрэгтэй форм комоор нь болон ээлжийн нэг цамц, майк 116000 төгрөгөөр авлаа. Ер нь материалыг нь л харлаа.  Формын үнийн хувьд нэг жил өмсөнө гэхээр боломжийн санагддаг. Гэхдээ олон хүүхэдтэй хүнд  хэцүү байх. Нэг хүүхдэд л 100 гаруй мянган төгрөгөөр форм авч өгнө гэж бодохоор” гэсэн юм.

Дүнжингаравт форм худалдаалж байгаа компаниуд төв талбай дээр үзэсгэлэн гаргаж байгаа аж. Мөн “Бөмбөгөр”, “Баялаг Ундраа” зэрэг худалдааны төвүүдэд дээрх компанийн зарим нэг салбар нь байрлаж байгаа юм. Тэгвэл үнэ харьцангуй хямд урд хөршөөс орж ирсэн Нарантуулд худалдааны төвд худалдаалагдаж байгаа формын үнийг судаллаа. Энэ тухай тус төвд худалдаа эрхлэгч Л.Байгалиас тодруулав.

-  Формынхоо материалыг хаанаас оруулж ирсэн бэ?

-  Оёсон, урдаас оруулж ирсэн гээд хоёр янз байна.

-   Урдаас орж ирсэн сурагчийн дүрэмт хувцас хэд гэж байна?

-   Бага  ангийн форм эрэгтэй эмэгтэй ялгаагүй 40000 төгрөг. Гэхдээ хоёр мөнгөн төгрөг татаж байгаа. Дунд ангийн формыг 50000-55000-ын хооронд худалдаалж байна. Ахлах ангийн форм эрэгтэй эмэгтэй адилхан 60000 төгрөг гэж байгаа.  Цамц 12000 төгрөг, юпка 12000-18000 төгрөг, зангиа 3000-5000 төгрөг. Хятадаас орж ирсэн формнууд ерөнхийдөө ийм л ханштай байгаа.

-  Урдаас орж ирсэн формыг хүүхдийн биед харшил өгдөг, материал муу гэдэг. Энэ тухайд?

-  Манай дотооддоо үйлдвэрлэсэн форм нэлээн үнэтэй байдаг. Энэ нь эцэг эхчүүдэд дарамт болдог. Хятадаас жил болгон л форм оруулж ирж зардаг. Харшил өглөө гэж над дээр ирж гомдол гаргасан хүн лав алга.

-   Худалдан авалт хэр байна?

-  Сүүлийн хэд хоног сайжирч байна. Энэ жил иргэдийн худалдан авах чадвар муу байгаа нь ажиглагдлаа. Форм авсан хүмүүс нэг формыг хоёр гурван жилдээ л өмсөнө гэж байсан.

Дүнжингарав худалдааны төвийг бодвол Нарантуул харьцангуй хөл хөдөлгөөн их байлаа. Хүүхдэдээ форм хайсан эцэг эхчүүдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байсан юм.  

Худалдан авагч Б.Гэрэлмаа  “Би хоёр хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлтгэдэг байсан. Нэг нь өмнөх жил төгссөн. Одоо нэг л хүүхдийнхийг бэлтгэж байгаа. Сайн материалтай форм гэхэд л 100000 төгрөгөөс дээш үнээр худалдаалагдаж байна. Манай дотооддоо үйлдвэрлэж байгаа форм урдаас оруулж ирж байгаа формтой ижил үнэтэй бол амар байх сан. Өмнөх жил форм ийм өндөр үнэтэй байгаагүй. Би өөрөө Дорноговийнх энд үйлдвэрлэсэн форм манай тэнд очиж зарагдахдаа 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Би урдаас орж ирсэн формыг авдаг. Хоёр жил ч хүүхдэдээ өмсүүлчихдэг. Гол нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих явдал. Гэвч үнэтэй болохоор дэмжиж чаддаггүй. Бололцоогоо харж аль болох хямдхан зүйл авахыг л бодно” хэмээв.

С.Сэндэр  “Би гурван хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлтгэдэг. Үнэ хямд болохоор захаас байнга хүүхдүүдийнхээ форм, хичээлийн хэрэглэлийг бэлтгэдэг. Би Дүнжингарав, Талбай дээр зохион байгуулагдсан сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаагаар явж үзсэн. Формын материал нь сайн хэрнээ үнэ чанга байсан. Тиймээс худалдаж авахад миний санхүү хүрээгүй. Урдаас орж ирж байгаа формноос хүүхдүүд маань харшлаад байх нь гайгүй байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодол надад байдаг ч чаддаггүй” гэлээ.

Жилийн жилд л яригддаг сурагчийн дүрэмт хувцасны асуудал. Үүнд төр засгаас анхаарч жил болгон өөрчлөлт хийлээ гэдэг. Гэвч бодит байдал дээр чанартай форм өндөр үнэтэй хэвээр...

Б.Янжиндулам

www.zindaa.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)