Ялагчаар тодорсон Оля баярын сэтгэгдлээ уйлан хайлан ийн хуваалцав

ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор эхлүүлсэн “Anuxai’s fitness show” нэвтрүүлэг 45 хоногийн хугацаанд үргэлжилж, баяр наадмын өдөр буюу 2022.07.11-нд ялагчаа тодруулжээ.
Ялагчийг тодруулахдаа шүүгчдийн үнэлгээ, сошиал санал хураалтын дүнг хамтатган шалгаруулсан байна.
Бие болоод сэтгэл зүйн тулаанд хүч сорьсон зургаан бүсгүйгээс оролцогч Оля буюу Н.Ууганбаяр ялагч болж, 10 сая төгрөгийн эзэн боллоо.
Тэрээр шоуны оролцогчдоос хамгийн их буюу нэвтрүүлэгт анх оролцож эхлэхдээ 112,7 кг жинтэй байлаа.
Өөрийгөө ялж, өөрчлөлт хийж чадсан бүсгүй 45 хоногийн хугацаанд нийт 18.3 кг жин хаяж, бүсэлхийн тойргоосоо 28 см хасаж чаджээ.
Олягийн хувьд өмнө нь хэзээ ч турах оролдлого хийж байгаагүй бөгөөд анх удаа жингээ хасах шийдвэр гарган энэхүү шоунд оролцох болсон аж.
Оля нэвтрүүлгийн явцад энгэр цээжээ ил гаргасан топ өмсөхгүй хэмээн дасгалжуулагч Анухайг уурлуулан шоугаа орхин явахыг завдсан.
Харин дараа нь фитнессийн багш Анухай уурлаж бухимдсандаа хатуу үг хэлсэндээ уучлал гуйсан билээ.
Ялагч Оля дасгалаа хичээнгүй хийн дэглэмээ мөрдсөнөөр эрүүл мэнд, гоо сайхнаа аврах хөрөнгө оруулалт хийж ялагч болжээ.
Тэрээр баярын сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ:
Намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа!!! Энэ 45-н хоног маш хурдан өнгөрч, их зүйлийг ойлгож сурч авлаа.
Өөрийгөө ялна гэж мөрөөддөг байсан бол өнөөдөр мөрөөдөл минь билэг шиг л боллоо. Мэдээж TV8 Mongolia Телевизийнхээ хамт олонд маш их баярлалаа гэж хэлье.
Мөн Anuxai’s Fitness Show, баг хамт олонд баярлалаа!! Мэдээж Anu Xai багшдаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна !! Мөн гэр бүл, найз нөхөд, дэмжиж тусалсан та бүхэндээ маш их баярлалаа!!!
Яг одоо энэ постыг бичиж байхдаа уйлаад л сууж байна. Сэтгэл маш их хөдөлж байна!!!
Мөн мэдээж энэ цаг хугацааг хамт өнгөрүүлсэн 5-н оролцогчдоо хайртай шүү. Үнсье тэвэрье та нар минь мундаг шүү гэж хэлмээр байна.
ОНЦЛОХ МЭДЭЭ:
Олон толгойт могой лугаа Монгол наадам
Монголчуудыг дэлхийн хаана суугаагаас үл хамааран нэгтгэх эх орон, монгол хүн болж төрсний бахархал, оршихуйн баяр бахдал болдог учраас наадам бидний хувьд бахархал. Бас хүндэтгэл, өв соёл, зан заншил, ёс уламжлал, тусгаар тогтнолын баталгаа мэт.
Наадмыг нээсэн Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх эзэн Чингис хааны иш хөргийг Төрийн ордонд, Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагуудад залахыг зарлигдав.
Мөн монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсан нь зарлиг гаргасан талархууштай. Шууданд хийсэн үхрийн эвэр шиг болсон монголчууд зарлигийг уухайлан хүлээн авлаа.
Бөх барилдаан ч сайхан болж, өндөр цолтнууд өөрсдийнхөө хэр хэмжээнд жудаг гаргаж, залуу бөхчүүдээ дэмжсэнээр шинэ аварга, арслантай болов. Бөх бүхэлдээ үзүүштэй байлаа. Хэл ам, хууль журмаар далайлган байж барилдсан ноёны бөхийг эс тооцвол шүү дээ.
Монголчууд сайхан наадлаа. Сайны хажуугаар саар ч байлаа. Нөгөө л талцал, жалга, дов, гол, горхины маргаанаа орхисонгүй. Сайд, садаа нараас үүдсэн олон асуудал хөшигний ард хариуцлага нэхэн үлдэв.
Монголчуудын эв нэгдлийн бэлгэдэл болсон эрхэм индэр дээрээс үгээ хэлж дуусмагц эхэлсэн наадмын нээлт өөрөө дээрх зарлигийг үгүйсгэсэн гэлтэй.
Цар тахлаас болоод 100 жилийн ойгоо тэмдэглэж чадаагүй намчид нөхөж тэмдэглэх гэснээс бүх зүйл эхэлсэн. Ингэхийн тулд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоо хамтатгав.
Энэ нь олон хүнд таалагдахгүйг тооцоолсон учраас тулгар төрийн, Их Монгол улс байгуулагдсаны, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой болгоны давхарлав.
Харин энэ дундуур дангаар нэгэн бахархалт ой дурдагдахдаа дурдагдаж, хаягдахдаа хаягдсан нь Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүх ой байв.
Энэ ойд ач холбогдол өгсөн нь Ерөнхийлөгчийг зарлиг гаргахад хүргэсэн нь ойлгомжтой. Учир нь тэр их хааны нутгийн хүн билээ.
Тиймээс ч Төв цэнгэлдэхийн наадмын талбайнд хойморт Чингис хааны эш хөргийг зориуд байрлуулжээ. Ерөнхийлөгч “Эзэнт гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочид оо” гэж хэлсэн үгэндээ онцолсон нь ч зүгээр нэг хэлчихсэн үг биш.
Маш том тодотгол, бахархал, бас ачаа. Уг нь энэ л өнөө жилийн наадмын амин сүнс, агуулга, гүн утга гүнзгий утга учир байсан болов уу?
Гэтэл хүндэт тайзны хоёр баганд 100, 101 гэх нөгөөх намчирхлынхаа бэлгэ тэмдгийг намчид зориуд байршуулсан нь тоон дотор үсэг гэгчээр болов. Гадны хүмүүс гайхмаар хачин шийдэл.
Яг төв талбайн нэрийг өөрчилж, буцаасан, Чингис хаан, Сүхбаатарын хөшөөнд аль нам нь гарахаас хамаарч ялгавартай ханддаг, архитектатурын авцалдаагүй шийдэл шиг болжээ.
Нэгэнт ингэж улайрсан болохоор наадам найруулагчийн бодож тунгаасан, боловсруулан дэглэсэн наадмын нээлтэд хүртэл хошуу дүрэхэд хүргэж, “хүчирхийлсэн” бололтой.
Тулгар төр байгуулагдсан талаар түүхчилсэн тоглолтоор эхэлсэн наадмын нээлт каптализмыг асгассан шигээ 13-р зуун, бага хаадын үеийг гэнэт бүтээн байгуулалтын өрнүүн хөгжлийг сурталчлах үйл явцаар үргэлжлэв.
Шат дараалалтай зохиол эвдэгдсэн учраас шат барьсан сантехник шиг хувцастай залуусын үзүүлбэрийг зарим хүн гайхан, юун тухай өгүүлээд байгааг нь төдийлөн ойлгоогүй нь наадамчин олныг харахад илт.
Марксист магтуу дуу, амь нас, эрүүл мэнд хамаагүй, бүхнийг нам, нийгмийн төлөө гэх харгис “дуунууд”.
Гэснээ гэнэт буцаад 13 зуун, Өндөр гэгээн Занабазар гэхчлэн өртөөлсөн нь бүр хачин хярамцаг болов. Арай гэж ойлгож, Бөртэ чоно, Гуа Маралаас хойш нэхэж 17 зууных санан суухуйд Монголын бас нэгэн бахархал Бямбын Ринченийг хоёр, гурав хувираад гаргаад ирсэн нь бас л гайхшруулав.
Дарга нарын дарангуйлал эх зохиолыг нь эвдсэнээс найруулагчийн хэлэх гэсэн санаа, харуулах гэсэн өнцөг алдагдав. Хачин жигтэй хярамцаг боллоо. Түүхэн дарааллаар нь үзүүлсэн бол чамгүй наадмын нээлт болсон байхыг үгүйсгэхгүй.
Циркгүй болсон циркчид бэхэлгээгүй агаарын үзүүлбэр үзүүлсэн, тайзны шийдэл, савдаг /онгод ч байж мэднэ/ чамгүй төлөвлөсөн нь илт. Гэхдээ л өөрсдөдөө зориулж захиалсан захиалгат бүтээл өрөөл бусдад таалагддаггүйн жишгээ наадмын нээлт давтав.
Наадмын нээлт олны таашаалд хүрдэггүй олон олон шалтгааны онцлох нь аль нам нь гарч ирэхээс шалтгаан томрон тодордог ойнууд аж.
Хорьдугаар зууны эргэлтийн цэг болсон гурван хувьсгалын хоёрыг нь дурдаж, нэгийг нь ор тас үгүйсгэсэн өргөмөл хүүхэд шиг үлдээсэн нь эрх баригчид өөрөө өөрсдийгөө үгүйсгэсэн хэрэг болов.
Гэтэл хорьдугаар зууны Монголын түүхэнд ач холбогдлоороо арилгачиж чадахгүй хувьсгал бол Ардчилсан хувьсгал.
Эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин сэргээсэн 1911 оны хувьсгалын үргэлжлэл яван явсаар 1990 оны хувьсгалыг хийхэд хүргэж, сая анхны зорилгодоо хүрсэн нь маргаангүй үнэн. Гэтэл намчид хувьсгалыг өмчилснөөс болоод үгүйсгэгдэхэд хүргэв.
Бид цаашид таван ой ярьж, толгой эргүүлэн талцаж, бусдыг төөрөгдүүлмээргүй байна. Хүн хэлэхэд хэцүү, хүүхэд цээжлэхэд түвэгтэй наймын найман ойгоор мэргэжлийн нэвтрүүлэгчид ч түгдэрч хэлж сонсогдсон.
Дээр нь Их хааны мэндэлсний ойг нэмэхээр 9 ойг хэлэх шаардлага гарсан төдийгүй телевизийнхэнд эфирийн цагаа тодорхой хэмжээгээр шунжруулахад хүргэж, морь, бөхийн тайлбарыг хоцорч хүргэхэд хүргэж байв.
Үүнд дээр ад үзэгдсэн Ардчилсан хувьсгалын ойг нэмсэн бол 11 ой хэлэх болж таарсан учраас өмгөөлж хамгаалах хүнгүй тэр ойг жийсэн хэрэг.
Тулгар төрийнхөө л ойг л тэмдэглээд явбал учир утга, төрт ёс, өв соёл, зан заншил нь эртний түүхт Эзэнт гүрний үргэлжлэл гэдгээ тунхаглах мэт санагдана.
Монголын түүхийг хувааж, талцуулж, зэрэмдэглэх нь өөрөө өөрсдийгөө үгүйсгэсэн явдал болоод буйг эрх биш анзаараасай. МАН-ын, АН-ын гэж монгол үгүй. Монголыг монголоор нь үлдээе гэвэл үүнийгээ л зогсоох хэрэгтэй.
Гэхдээ намын жижиг эрх ашгаа илүү тавьснаас энэ мэт болоод Монголыг муухай харагдуулж байна. Наадмын тасалбарыг 2500 гадаадын иргэд авсан гэх бөгөөд тэдэнд ойлгогдох нь байтгуай өөрсдөө ойлгохооргүй нээлт хийснээсээ эрх баригчид ичүүштэй.
Олон толгойтой могойд орох газар олдоггүй гэдэг шиг Монгол нэг л бахдал, баяр, түүнийх нь бэлгэдэл, утга учир нэг л баймаар.
Наадмын найруулагчийн шийдэлд нэгэн талархууштай зүйл ажиглагдсан нь мөнөөх Орос л монголчуудыг харийн дарлалаас гаргасан мэтээр үзүүлдэг тэнэглэлээс татгалзахыг хичээж, үзүүлээгүй төдийгүй сансрын нисгэгчийг монгол эр, эм хоёроор төлөөлүүлэн нь харуулсан явдал байлаа.
Дээр нь эсгий туургатнуудын төлөөлөл болсон хүчит бөхчүүд эзэнт гүрний гал гололмтдоо ирж зодоглосон нь бахархалтай. Тийм байхад бид тэнэглэлээ зогсоомоор байна.
Тавын таван тэрбумаар наадмын нээлт хийж болно оо. Гэхдээ монголчуудыг талцуулж, жалга довоор нь хувааж, нэгдэн нэгдүүлэхгүй байх зорилготой зүйл хийхэд зарцуулах нь татвар төлөгчдийн хувьд хайран байна.
Дурдахгүй өнгөрч болохгүй зүйл нь хэв журам сахиулж буй цагдаагийнхан байсан. Мөнгөө төлөөд тасалбараа авсан наадамчид, албан ёсны зөвшөөрлөө авсан сэтгүүлчдийн “морь харах”-г хүртэл тэд хязгаарлаж тэнэглэсэн.
Сэтгүүлчдийн модон нааран дээр уламжлал ёсоороо хашсан бөгөөд 00 орох хэрэг гарах үед “Шадар сайд шагнал гардуулах гэж байна, хүлээ” гэсэн тэнэглэлээр хүний үндсэн эрхийг хязгаарлана лээ.
Хаанаас ийм балай зохицуулалт хий гээд байгааг нь асуувал ёс юм шиг “дээрээс” гэх тайлбартай. Регистрийн дугаараараа авсан тасалбартай хүн, бүх бичиг баримт нь тэмээнээс тэмдэгтэй сэтгүүлчдийг өөрсдийн ажлаа хялбарчлахын тулд “шорон” зан гаргадгаа больмоор юм шиг.
Дахиад хэлье, олон толгойтой могойд орох газар олдохгүй. Монголчуудыг талцуулахаа л эрх барьж буй намчид болчихмоор байна. Монголчуудыг нэгтгэх нэг ойн бэлгэдэлтэй байя.