Өвөөгийн хүү-Улсын аварга О.Хангайн гэргий нь волейболчин бүсгүй…

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өнгөрлөө.
Энэ жилийн наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын харцага О.Хангай уран мэх, хүч бяраа гайхуулан түмэн олноо баясгалаа. Тэрээр арав давж Улсын шинэ аварга болсон.
“Тоёота Сэйлс Монголиа” ХХК түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болоод байгаа юм.
Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна.
Улсын аварга О.Хангай “Юун түрүүнд энд хуран цугласан болон нийт Монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе.
Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” гэв.
Улсын аварга О.Хангайн 2018 онд News.mn сайтад өгсөн ярилцлагын хэсгээс толилуулъя:
-Таныг бөхөөр их хожуу барилдсан гэж байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа волейболын тамирчин байжээ. Энэ тухайгаа яривал?
-Би ХААИС-ийн 4-р курст сурч байхдаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэгэхээр их хожуу бөхтэй холбогдсон гэж хэлэх байх. Дунд сургуулийн сурагч байхдаа волейболын спортоор хичээллэдэг байсан.
Манай Буянт сумын сургуульд волейболын Анхбаяр, Отгонбаяр гээд хоёр багш байсан. Манай ангид хоёр хүүхэд тоглодог байсан ч тэднийг дагаж тоглосоор байгаад сүүлдээ ангиараа волейбол тоглодог болсон.
Манай сумын сурагчид аймаг, бүсийн тэмцээнд их сайн оролцдог. Би аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медальтай ирж байлаа.
Ховд аймгаасаа нэг шалгараад өсвөрийн УАШТ-д оролцоод авсан шүү. Гэхдээ оюутан болоод волейбол бараг тоглоогүй.
Би газар зохион байгуулалтын ангид суралцсан. Хичээл хийдэг хүүхэд байлаа. Тэгээд төгсөх курстээ л барилдах болсон доо.
-Таны гэр бүлийн хүнийг волейбол тоглодог гэж байсан?
-Гэр бүлийн маань хүнийг Н.Дэлгэртуяа гэдэг. Ховд аймгийн Манхан сумын харьяат.
Бид хоёр арван жилдээ танилцсан юм. Сум сумаасаа волейболын тэмцээнд ирээд, явдаг байсан. Эхнэртэйгээ оюутан болоод үерхэж эхэлсэн дээ.
Бид багаасаа спорттой холбоотой байсан болохоор бие биенээ сайн дэмждэг. Одоо бид нэг охинтой.
-Таны зуны амралт ногооны талбайд өнгөрдөг байсныг дууллаа. Ажилсаг хүүхэд байжээ. Хичээлийн хажуугаар волейбол тоглоно бас зуны цагт аав, ээждээ тусална?
-Би багаасаа л хар бор ажлыг хийж ирсэн. Ногооны ажил 4-р сараас эхлээд 10-р сард дуусна. Энэ хугацаанд гэр бүлээрээ ногооны талбайд өнжинө шүү дээ.
Аав маань аграномич мэргэжилтэй. Тиймээс манайх гэдэг айл газар тариаланд хамгийн ойр байлаа. Одоо ч аав минь ногоогоо тарьдаг.
Найзуудтайгаа ногооны ажлаа хийчихээд барилдана. Ер нь тэр үе сайхан байжээ. Зуны амралтаар хүүхдүүд гэртээ амарч байхад би хөдөө ногооны талбайд өнжинө.
Тэдэнд атаархах сэтгэл бас хааяа төрнө. Гэхдээ хүүхэд насанд хийж, сурсан зүйл одоо их хэрэг болдог. Магадгүй бөх болох үндэс суурь ч үүнээс эхлэлтэй болов уу.
Хөвгүүд чинь ногооны талбайд их зүйл хийнэ шүү дээ. Хавар, намрын ажил ихтэй үе бас сайхан байсан. Бөөн дурсамж шүү дээ.
-Та хүүхэд байсан үеийнхээ дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би өвөөгийн хүүхэд. Манай өвөөг Чирчинжав гэдэг. Өвөөгөө байнга дагаж явдаг хүүхэд байлаа.
Нэг өдөр тал дээр хөл нүцгэн найзуудтайгаа тоглоод гүйж явсан чинь өвөө аймгийн төв орохоор мотоциклиэ уначихсан давхиж явав. Би өвөөг дагаж явна гэсээр байгаад хамт явсан юм.
Тэгсэн аймгийн төвд хөл нүцгэн очоод их ичиж билээ. Өвөө гутал авч өгч миний санаа амарч байсан. Тэр үед би хараахан сургуульд ороогүй байсан юм.
Хүүхэд байхдаа өвөөгийн л хүү байлаа. Энэ дурсамж минь надад их тод үлдсэн дээ. Бас ногооны талбай дээр найзуудтайгаа барилдаж явсан үе минь сайхан.
Одоо ч багын найзуудтайгаа ярих зүйл их байдаг. Ер нь хүний хүүхэд нас гэдэг гэгээн мөрөөдлөөр дүүрэн сайхан үе шүү.
Тэр үед хийж байсан зүйл одоо ч хэрэг болж байна. Тэгэхээр би ногооны талбайд ажиллаж, өөртөө багагүй хүч тэнхээ хуримтлуулж байж дээ.
Их сургуулиа төгсөх жилээ бөхөөр барилдаж эхэлсэн болохоор аавын минь надад зөвлөсөн зөвлөгөө өнөөдрийн энэ амжилтын минь эхлэл байсан.
Тиймээс дурсамж гэхээр хамгийн түрүүн хүүхэд насны тэр сайхан дурсамжаа хуучлах дуртай.
-Сумын заан болсны дараа жилээ аймгийн цолонд хүрсэн гэдэг. Аав, ээжийнхээ ажилд нь тус болдог байсан хүү тэднийг баярлуулсан гэхээр сайхан байх. Энэ талаар?
-2011 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд түрүүлээд сумын заан болсон үе минь их тод үлдсэн. Дараа жил нь аймгийн заан болж, мөн ч их баярласан.
Манай сумын бөхчүүдээс ойрын хэдэн жил аймгийн наадмын үзүүр, түрүүнд үлдээгүй байсан юм билээ. Намайг аймгийн наадамд тэгж сайн барилдана гэж аав, ээжээс эхлээд төсөөлөөгүй олон хүн байсан гэдэг.
Ер нь энэ барилдааны дараа надад нутаг орноороо баярласан байдаг. Бас 2014 оны цагаан сарын барилдаанд анх үзүүрлэсэн маань мартагдашгүй барилдааны нэг байсан.
Тухайн үед үзүүрлэнэ гэж бодож байгаагүй. Мэдээж төрийн наадмын улсын цолны барилдаанууд минь их сайхан санагддаг.
Би улсын наадамд дөрвөн жил барилдаж, цолонд хүрсэн. Мэдээж барилдаан бүр хариуцлагатай шүү дээ.
Өнөөдөр энэ сайхан цолонд хүрээд бас ард түмнийхээ итгэл хайрыг аваад явах минь их том аз завшаан юмаа.
Мэдээж бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, түмэн олныхоо итгэлийг алдахгүй улам л өөрийгөө дайчилна даа.