
Цахим орчин хөгжихийн хэрээр хүмүүсийн нэгнээ үг хэлээр доромжлох, нэр төрд халдах, худал мэдээлэл тараах зэрэг сөрөг үр дагавар их гарах болсон.
Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэхүү хуулийн төслийг олон нийтэд хэлэлцүүлж эхэлснээс хойш доромжлох, худал мэдээлэл тараах гэсэн заалт хүн бүрийг гэмт хэрэгтэн болгох нь гэсэн шүүмжлэл дагуулсан.
Харин хууль санаачлагчийн зүгээс эдгээр заалтыг заавал тусгах ёстой, цахимд орчинд доромжлуулж, цахим орчинд худал мэдээлэл тарааснаас үүдэн амиа хорлолт ихсэж байна гэж буй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монголчууд шооч ард түмэн, зарим нь нэр хочиндоо дуртай байдаг. Эрүүгийн хуулийн хуучнаар гүтгэх одоо бол худал мэдээлэл тараах гэмт хэргээс илт худал мэдээлэл тараасан бол гэдэг заалтын илт гэдгийг хассан байна.
Тэгэхээр худал мэдээлэл тараасан бол гэмт хэрэг болох нь. Худлаа ярьдаг хүн болгон ял эдлэх болчихоод байна. Доромжлохыг бол дэмжихгүй байгаа. Ер нь Монголд нэр хочгүй хүн гэж байхгүй. Энэ болгоныг яллах уу” хэмээсэн юм.
Харин хариуд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Та буруу ярьж байна, энд зориуд гутаан доромжлох асуудал яригдаж байгаа. Б.Энхбаяр гишүүнд би өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр бүгдийг нь хариулсан.
Би дахиад хариулъя. Чуулган дээр бас заавал асуух юм байна. Илт худал мэдээлэл тараасан бол, худал мэдээлэл тараасан бол гэдэг үгэн дээр тоглоод байна. Энэ дээр нэг ийм байгаа үг байгаа юм. Худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэж.
Энд ерөөсөө хоорондоо худлаа ярих тухай нэг ч байхгүй Б.Энхбаяр гишүүн ээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүчингийн гэмт хэрэг хийсэн гэж олон нийтийн сүлжээгээр тараахыг хэлж байгаа юм. Түүнээс биш хоорондоо худлаа ярих, мэтгэлцэх, цаашлаад тэр доромжлох гэмт хэрэг дээр та бас буруу жишээ авч байна.
Тийм шооч үйлдэл, зан гаргах тухай огт яриагүй. Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол торгуулийн ялтай болж байгаа. 2017 оны Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110, 111-р зүйлийг тайлбарласан байгаа.
Доромжлох гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон зан суртахууны шаардлагын хэм хэмжээ, хүний үндэс, зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ.
Түүнээс биш бие биедээ нэр хоч өгсөн үйлдлийг ойлгохгүй гэж дээд шүүх тайлбарласан” хэмээв.
ОНЦЛОХ МЭДЭЭ:
ХОВДЫНХОН УЛСЫН АРСЛАНТАЙ БОЛОХООР ЗҮТГЭЖ БАЙНА
Үндэсний их баяр наадмын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буйтай зэрэгцээд бөхчүүдэд цол нөхөн олгох асуудал давхар яригдаж байна.
Тодруулбал, 1924-1970 оны хооронд амжилтаа зөв үнэлүүлж чадаагүй 40-50 бөхөөс гадна өнгөрсөн жилийн Хүй долоо худагт болсон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол нэмж олгох тухай яригдаж байгаа билээ.
Ховд аймгаас сонгогдсон Б.Пүрэвдорж гишүүн өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдаанд цол нөхөн олгох талаар хуулийн төсөл хүртэл санаачилсан.
Тэгвэл УИХ-ын өчигдрийн /2022.06.17/ чуулганы хуралдаан дээр Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгыг дэмжиж “Уяачид, бөхчүүд, харваачдад цолыг нь ялгаварлалгүй олго” гэсэн юм.
Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг өнжиж, цол горилж байсан бөхчүүд, уяачид, харваачдыг гонсойлгосон.
Тиймээс Бөхийн холбоо чзалуусынхаа бэлтгэл сургуулилтыг үнэгүйдүүлэхгүйн тулд Монголын залуучуудын холбоотой хамтран Хүй долоо худагт 512 бөхийн барилдаан зохион байгуулсан.
Чансаа өндөр энэхүү барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн билээ. Хэрэв цол нөхөн олгохоор болвол дараах бөхчүүд ийм цол хүртэнэ.
Улсын харцага Б.Бат-Өлзий – Улсын арслан
Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр – Улсын гарьд
Улсын начин Ч.Батчулуун , аймгийн арслан Т.Довчинсэмбээ – Улсын заан
Аймгийн арслан Ц.Адъяа, аймгийн заан Э.Энх-Амгалан – Улсын харцага
Аймгийн арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Э.Нямаа, аймгийн арслан Д.Төрболд, аймгийн заан Э.Мөнхжаргал – Улсын начин цол тус тус хүртэнэ.
Эндээс Ховд аймгийн харьяалалтай нь улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан Ц.Адъяа нар. Угтаа тус аймгаас дөрвөн бөх шөвгөрсөн ч аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нар допингийн шинжилгээнд бүдэрч, дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан юм.
Хамгийн сүүлд Ховд нутгаас 82 жилийн өмнө улсын арслан Ш.Ванчинхүү төрийн наадамд түрүүлж байлаа.
Ямартай ч Ховдын Б.Пүрэвдорж гишүүн цол олгох хууль санаачилж, С.Бямбацогт гишүүн УИХ-ын чуулган дээр энэхүү саналыг дэмжиж, багагүй маргаан үүсгээд байна.