Ханиа золгүйгээр алдсан хэмээн өрөвдүүлж байсан Б.Нандинцэцэг шуналаасаа болж үзэн ядалтын “шуурганд” өртөв

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргасан.
Шүүхээс Н.Түвшинбаярыг хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “Хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон.
Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлье.
Түүнчлэн Н.Түвшинбаяр талийгаач Э.Энхбат начныг Өмнөд Солонгост хийлгэсэн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн” хэмээн хэлжээ.
Шүүгдэгч Н.Түвшинбаяраас амь хохирогч Э.Энхбатын эмчилгээний зардал болон оршуулахтай холбоотой, бусад зардалд нийт 2,783,502,420 /хоёр тэрбум долоон зуун наян гурван сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт төлсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр шүүгдэгч Н.Түвшинбаяраас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг насанд хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Хань ижлээ бусдын гарт золгүйгээр алдсан хэмээн өрөвдөж байсан олон нийт хайртай хүнээ үүрд алдсан ч оршуулгын зардал ч авч чадалгүй хохироод үлддэг хүмүүс олон байдаг тухай дурдаж, түүнийг шуналын тулам хэмээн үзэн ядаж эхлэв.
Хүний амь насыг хохироосон гэмт хэрэгтний зөвтгөх гэсэнгүй, тэгээд ч хүний амийг мөнгөөр үнэлнэ гэж юу байхав.
Гэхдээ Н.Түвшинбаярын таван хүүхэд ч бас одооноос эхлэн аавгүй мэт амьдралыг туулж эхлээд буй. Гэтэл шоронд ял эдлэх хүн хоёр айлын найман хүүхдийн сургалтын төлбөр төлнө гэдэг нь арай л ахадсан ачаа мэт.
Б.Нандинцэцэгийн өмгөөлөгч Б.Баасанжаргал: Н.Түвшинбаярын хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд өгсөн гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд сэвэгдлээ.
Хоёр үл хөдлөх хөрөнгө гэж 6 мкв талбайтай, павильон байна. Нэг бүрийг нь 60 мянган ам.доллараар үнэлсэн байна лээ. 180 сая төгрөгийн үнэтэй 6 мкв павильон гэж байх уу?
Үүгээр хохирлыг нь барагдуулчихлаа гэж ярьж болох уу? Тэр 2,7 тэрбум нь эмнэлгийн ДАНС руу л орсон. Хохирогчийн дансанд орсон зүйл огт байхгүй” гэсэн юм.
Дашрамд дурдахад, шүүгчдэгчийн давж заалдах эрхийг нээлттэй хэвээр үлдээсэн бөгөөд Н.Түвшинбаяр шүүхийн тогтоол гарснаас хойш 15 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хандах эрхтэй аж.