Ерөнхий сайд маань зүгээр байгаа!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ заримдаа уйддаг юм уу, хаашаа юм. Дээр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхантай уулзахдаа “Өглөөний 07.30 цагт үндэстнээрээ гүйдэг байя” гэсэн. Өнөөдөр Жендерийн үндэсний хорооны хурал дээр “Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт залуужсаар байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна” гэж. Гэрлэлт залуужлаа гээд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулж “шийтгэдэг” нь ямар ч учиртай юм, бүү мэд.
Хойд Солонгост л эр эмгүй цэрэгт татдаг. Хойд Солонгост ганц хүнээс бусад нь туранхай. Хүн амынх нь 40 хувь нь хүнсний хомсдолд нэрвэгдсэн болохоор тарган хүн байхгүй. Тэгвэл Ерөнхий сайдын хэлснээр Монголд удахгүй эр, эмгүй цэрэгт явж, тарган хүн байхгүй болно.
Монголын нийт хүн амын 49 хувь нь илүүдэл жинтэй. Энэ нь улсын эрүүл мэндийн асуудал болсон нь үнэн. Архи, тамхи, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, нойргүйдэл, стресс, өөр бусад олон өвчнөөс болж хүн таргалдаг. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэгчээр жингийн илүүдэл хувь хүний хамгийн том эмзэг сэдэв байдаг.
Хорт хавдар, чихрийн шижин гээд халдварт бус өвчлөлөөр Монгол дэлхийд дээгүүрт бичигддэг нь таргалалттай холбоотой. Нэг үеэ бодвол монголчууд “буяны тарга”-тайгаа тэмцдэг болсон.
Засгийн газрын тэргүүн иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд санаа тавих нь зөв. Жендерийн үндэсний хорооны хурлаар эрчүүдийн нас баралт, таргалалт, хөвгүүдийн боловсрол гээд Ерөнхий сайд уг нь орхигдсон сэдвийг сөхөж, зөв асуудал хөндсөн байна лээ. Гэхдээ эрчүүдийг эрт гэрлэж, таргалж байгаа болохоор охидуудыг цэрэгт татна гэдэг арай л коммунист үзэл үү?
Монгол эрчүүд нийгмийн хамгийн тулгамдсан сэдвүүдийн нэг болсон нь үнэн. Эрчүүдийн нас баралт залуужиж, амиа хорлолт жилээс жилд нэмэгдсээр байгааг статистик судалгаанууд ч гэрчилдэг.
Монгол Улсын хүн амын 51.4 хувийг эмэгтэйчүүд, 48.6 хувийг эрчүүд эзэлдэг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийнх 74.3 жил, дундаж наслалтын зөрүү 9.4 жил.
Зүрхний шигдээсээр нас барж байгаа эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 3.1 дахин их. Осол гэмтлийн улмаас жилд нас барж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс гурав, амиа хорлолт тав дахин өндөр байна.
Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 45.6 хувийг хорт хавдар эзэлдэг. Ялангуяа эрчүүдийн дунд элэг, уушигны хорт хавдраар нас барах нь эмэгтэйчүүдээс 8.2-11.3 хувиар илүү байдаг аж. Энэ бол “эрчүүдээ хайрла” гэсэн статистик.
Ер нь Ерөнхий сайдын хэлсэн Монгол Улсад бэлэвсэн эмэгтэйчүүд олширч байгаа нь хатуу ч гэсэн үнэн үг. Гэхдээ энэ бол эмгэнэл. Төр засаг ганц эмэгтэйчүүдийн жендерийг биш эрчүүдээ ч анхаарах ёстой болж байна.
Гэлээ гээд эрчүүдийн боловсролыг сайжруулж, эрүүл мэндийн асуудалд анхаарахын тулд төр унтах, идэхийг захиран тушаадаг болчихвол яг Хойд Солонгос шиг л болно гэсэн үг.
Товчхондоо, унтах цагтаа иднэ үү, идэх цагтаа унтана уу, пиццагаа иднэ үү, хорхогоо иднэ үү хувь хүний асуудал. Тэгээд ч шөнийн 02.00 цагаас хойш хоол идсэн хүнийг цаашдаа цаазлах уу!
Эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хүртээмж, үйлчилгээг сайжруулах нь Ерөнхий сайдын хийх ажил мөн.
Хөвгүүд, охидын боловсролын ялгаа нөгөө л нүүдэлчний сэтгэхүйтэй холбоотой. Эрэгтэй хүүхэд болсныхоо төлөө сурах эрхээ эдлэж чадахгүй яваа олон залуу бий. “Эрэгтэй хүүхэд юм чинь” гэх хандлагаа өөрчлөхгүй бол Ерөнхий сайдын хэлсэн “хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэх” нь гарцаагүй. Хөдөөгийнхөн бол хүүгээ мал дагуулаад, охиноо хот руу явуулдаг. Дээд сургууль төгссөн охид нь малчинтай гэрлэх дургүй. Хотод ганц бие бүсгүй олширч, хөдөө ч ганц бие залуу нэмэгдэж буй нь “эмэгтэйчүүдийн жендер” илүүд тавьсны гажиг. Эр ч, эм ч адилхан хүн биз дээ.
Үнэндээ боловсролгүй эрчүүд нь боловсролтой эмэгтэйчүүддээ гологдоод байна. Үүний суурь шалтгаан нь дунд сургуулиас эхлэж буй боловсролын тэгш бус байдал. Ядаж л цэрэгт татсан залууст түргэвчилсэн сургалт, боловсрол олгох хэрэгтэй байна.
Түүнээс эрчүүд муу явж байна гээд эмэгтэйчүүдийг цэрэгт татах бас хаашаа ч шийдвэр билээ. Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах нь хөгжлийн гарц лав биш. Хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг ЦЭРЭГ бий болгодоггүй юм. Энэ бүхний ганц гарц нь эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийнхээ ажил орлогыг л нэмэгдүүлэх. Сангийн сайд “клабхауст” иргэдтэй албан бусаар “уулзахдаа” цар тахлаас болж, лав 200 мянган хүн ажилгүй болсон гэсэн шүү. Адаглаад цомхотголд орсон 68.9 мянган ажлын байр сэргээж байж л залуучуудын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ, идэвхтэй иргэн бий болно.